Д.Сумъяабазар: LRT хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр"-ийн талаар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл хийлээ. Тэрээр, судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэлийн шалтгаан нь автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт гэдгийг дурдлаа. Түгжрэлийг урт болон дунд хугацаандаа шийднэ. Нүхэн гарцуудыг хийнэ, нийтийн тээврээ шинэчилнэ гэв. Ингэхдээ давхар автобусыг ойрын хугацаанд нэмж оруулж ирнэ. Ер нь парк шинэчлэлтийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж, тооцож байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэг бол Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Хэрэгжүүлэхэд хялбар, шуурхай, богино хугацаанд хийх төслүүдийн нэг гэдгийг онцоллоо. 

"Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал байдаг. Үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. ААН-ийн орлогын албан татварын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр тооцохоор дүүргүүдийн орлого 700 тэрбум, нийслэлийн орлого 400 тэрбум, нийт 1.1 их наядаар хотын төсөв өмнөх оноос нэмэгдэнэ гэж урьдчилан харж байгаа. Үнэт цаас, бонд гаргах нь Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай, нэмэлт санхүүгийн эх үүсвэр. Үүгээрээ хот тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж хийнэ. 

Түүнчлэн бүтээн байгуулалт хийхэд концессын зохицуулалт хийх хэрэгтэй. Хотод санхүүгийн ийм дэмжлэгүүд орж ирнэ гэж тооцож байгаа гэв. Тэрээр, "Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой гэсэн үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа" гэв.

"Улс төрийн аль ч нам, хүчин ялж, хэн ч гарч ирсэн өмнөх хүмүүсийнхээ залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Э.Бат-Үүл даргын "Найрсаг Улаанбаатар"-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдсан тал бий. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд, засаад ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ" гэдгийг онцолсон юм. Хотын дарга сэтгүүлчидтэй хийх уулзалтыг сар бүр зохион байгуулахаа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)