Улсын хэмжээнд 189 мянган хүнийг вакцинд хамруулжээ

Улсын хэмжээнд нийт 189 969 хүнийг вакцинд хамруулснаар, дархлаажуулсан хүний тоогоор Ази, Номхон далайн баруун эргийн бүс нутагт гуравдугаарт жагсаж байгаа тухай ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 43 цэгт 104 багийн 730 ажилтан 17 656 хүнийг дархлаажуулсан. Мөн Өмнөговь аймгийн 9 суманд 1148 хүнийг вакцинжуулсан байна. 

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 30,6 хувьд нь 38,9-өөс дээш хэм халуурах шинж тэмдэг илэрчээ. Харин 25,8 хувьд нь тариулсан газар хөндүүрлэх, 24 хувьд нь толгой өвдөх, 22,6 хувьд нь бие зарайх, 18,1 хувьд нь үе мөч өвдөх,  17,6 хувьд нь булчин өвдөх шинж тэмдэг ажиглагдсан байна. Энэ нь ердийн вакцин хийхэд илэрдэг нийтлэг хариу урвал гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв. 

Манай улс дархлаажуулалтад БНЭУ-ын 75 мянган тун, БНСУ-ын 7200 тун "Астразенека", БНХАУ-ын Синофарм вакцины 107 769 хүн тунг ашиглаад байна. Өнөөдрийн байдлаар, дархлаажуулах 43 цэгт 42 231 тун вакцин буюу 2-3 хоногийн нөөц байна. Нэг цэгт дунджаар 980 орчим вакцин байгаа юм. ХӨСҮТ-д "Синофарм" 150 мянга, БНСУ-ын "Астразенека" 7200, БНЭУ-ын "Астразенека" 75 мянга, нийт 232 200 давтан тун байна. "Синофарм" вакцины давтан тунг ирэх сарын 15-наас, Астразенека вакцины давтан тунг ирэх сарын 23-наас хийж эхэлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.229)