Цахим гадуурхалд зургаадугаар ангийнхан их өртдөг

Цахим хэрэглээ хүчээ авсан энэ үед хүүхдүүд нэгнээ цахимд гадуурхах, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформын араас нэгнийгээ доромжлон гутаах үзэгдэл нэмэгдэж буй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтнууд үүнд онцгой анхаарах нь зүйтэй.

АНУ-ын Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хийсэн үндэсний судалгаанаас үзэхэд:

- Нийт сурагчдын 16 хувь нь цуурхал ярианы бай болж байсан.

- Охид хөвгүүдээс илүү цахим гадуурхалд өртдөг буюу охидын 20 хувь, хөвгүүдийн 13 хувь нь гадуурхалд өртөж байсан тухай ярьжээ.

- Анги тус бүрээр харьцуулан авч үзвэл зургаадугаар ангийнхан гадуурхалд их өртдөг ба цахим гадуурхлын улмаас хохирогч болох нь элбэг гэх судалгааны тайлан гарсан байна.

ЦАХИМ ГАДУУРХАЛ ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ?

Цахим гадуурхал нь цахим орчинд анхаарал татах, өөрсдийн байр сууриа тогтоох эсвэл уйдаагаа гаргах гэж нэгнээ тохуурхахаас эхлэлтэй. Энэ нь мөн нэгэндээ атаархах, илүүрхэх, нууцыг нь зориуд задлах зэрэг асуудалтай холбогдох нь бий.

Шууд хэлбэрээр: Ангийн групп эсвэл групп чатнаасаа зориудаар хасах. Тухайн хүүхдийг ангийнхаа группд байлгахыг хүсэхгүй байгаагаа ил хэлэх.

Шууд бус хэлбэрээр: Ангийнхаа хүүхдүүдийг тухайн хүүхдээс зайгаа барьж, харьцахгүй байхад уриалах. Зарим тохиолдолд багийн ажил, олон нийтийн ажилд тухайн хүүхдийг тоонд оруулахгүй орхих. Ганцаардуулах.

ЦУУ ЯРИА ТАРААХ

Тухайн хүүхдийн талаар худал цуу яриа тараах. Цахим орчинд зургийг нь дургүй хүнтэй нь нийлүүлэн эвлүүлэх. Хуурамч хаяг нээн түүний тухай элдвээр бичих, доромжлох байдлаар илэрнэ. Цахим орчинд нийтэлсэн зурган доор нь доромжилсон утгатай сэтгэгдэл бичих.

ЦАХИМ ГАДУУРХЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Сургуулийн орчинд гадуурхал үүсгэхгүй, үүнээс сэргийлэхийн тулд дараах аргыг зөвлөж байна. Үүнд:

Нэгнээ гадуурхсан тохиолдол ямар хариуцлага хүлээлгэх тухай тодорхой зохицуулалт бүхий журам батлах

Багш, ажилтнуудыг сургалтад хамруулж, гадуурхалд өртсөн хүүхдүүдтэй хэрхэн харьцах, энэ асуудлыг үүсгэхгүй байх үр дүнтэй аргуудын талаар заах

Сургуулийн орчинд сурагчид нэгнээ гадуурхахгүй байх ёс зүйг шат шатандаа бий болгох

Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж, эргэх холбоотой байх

Анги хамт олны дулаан уур амьсгалтай байлгахын тулд зөв менежментийг хэвшүүлэх

Сахилгын шийтгэл оногдуулахын оронд зан үйлийн эерэг арга хэмжээг нэвтрүүлэх

Үе тэнгийнхнийхээ гадуурхалд өртсөн сурагчийг олон талаар дэмжих

Гадуурхалт үүсгэхгүй байх урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.210)