ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь  Ж.Эрдэнэбулганыг томиллоо.

Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулжээ. Энэ сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болсон бөгөөд энэ үеэр 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ. Нийт нэр дэвшигчийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татжээ. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Ж.Эрдэнэбулган хамгийн олон санал авсан байна.

Уг асуудлаар өчигдөр АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр ийнхүү дуусаж хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн төв Мандалговь хотод төрсөн, 51 настай, эхнэр, хоёр хүүхэдтэй. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.143.149)