“Эрдэнэс-Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ
СЗХ-ны зургаа дахь удаагийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгсэл бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгасан юм.
Дээрх шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж байна. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээг бүрэн хийсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм.
Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит ААН-үүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол аж.