ОХУ-ын дотоодын нөхцөл байдлын тухай тойм мэдээ
ОХУ ойрын хугацаанд зургаан улстай нислэгээ сэргээнэ. Ерөнхийлөгч В.Путин вакцин хийлгэснээс хойш очиж ажиллах, айлчлах газруудынхаа хүрээг тэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Москва хотын эрх баригчид олныг хамарсан арга хэмжээнд тавьсан хязгаарлалтыг цуцалж магадгүй байгаа бөгөөд хотод 1 сая орчим хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж. Эдгээр болон бусад мэдээ, мэдээллийг “BBC” тоймлон хүргэжээ.
Халдварын 9221 тохиолдол
Лхагва гарагт халдварын 9221 шинэ тохиолдол илэрсэн тухай коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Харин өмнөх хоёр өдөр нь ОХУ-д 9 мянгаас бага тохиолдлууд бүртгэгджээ.
Москва хотод өдөрт 1787 тохиолдол илэрсэн нь гурав дахь өдрөө дарааллан өссөн үзүүлэлт болжээ. Харин Санкт-Петербург хотод халдварын 804 шинэ тохиолдол илэрсэн байна.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш ОХУ-д 4 492 692 тохиолдол бүртгэгдэж, 4 109 281 хүн эдгэрч, 96612 хүн нас баржээ.
В.Путин вакцин хийлгэснээсээ хойш арга хэмжээнүүдэд биечлэн оролцохыг илүүд үзэж байна
“Ерөнхийлөгчид вакцины гаж нөлөө илрээгүй. Түүний биеийн байдал сайн байна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч ямар вакцин хийлгэсэн талаар тэрбээр дурдаагүй билээ. Үүнээс гадна В.Путин дэлхийн бусад удирдагчийн адил олны өмнө вакцин хийлгэхээс татгалзсан байна.
Вакцин хийлгэснийхээ дараа арга хэмжээнүүдэд цаашид биечлэн оролцохыг илүүд үзэж буйгаа В.Путин мэдэгджээ.
Улс оронд нь вакцинжуулалтын явц удааширч байгаа тухай Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Александр Сергеев пүрэв гарагт мэдэгджээ. Тодруулбал, Израилд иргэдийнх нь 50 гаруй хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байгаа бол ОХУ-д энэ үзүүлэлт 2-3 хувьтай байгаа аж.
“Вакцинжуулалтад хамрагдахгүй байхыг ухуулсан мэдээллүүд гарч байгаа ч энэ нь вакцинжуулалтын явц удааширч буйн шалтгаан биш юм. Иргэд эрдэмтдэд итгэхгүйдээ бус үүнд өөр асуудал байна” гэж тэрбээр хэлжээ.
ОХУ ойрын хугацаанд Герман, Сири рүү нислэг үйлдэх боломжтой болно
ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, Венесуэл, Шри-Ланка, Сири, Узбекистан, Тажикистан улсуудтай нислэгээ сэргээхээр болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Герман руу Москва-Берлин-Москва чиглэлд долоо хоногт таван удаа, Москва, Санкт-Петербург болон Майнын Франкфурт чиглэлд гурван удаа нислэг хийх бол Москвагаас Дамаск, Душанбе, Ташкент, Коломбо хотууд руу долоо хоногт нэг удаа, Каракас хот руу хоёр удаа нислэг үйлдэх аж. Ингэснээр Герман Оросын жуулчдыг хүлээн авахад бэлэн гэсэн үг биш юм.
Дөрөвдүгээр сарын 1-нээс мөн Краснодар, Волгоград, Сочи, Өмнөд Сахалин зэрэг 13 хотоос үйлдэх нислэгийг сэргээж байгаа аж.
Өмнө нь ОХУ Турк, Швейцар, Египет, Мальдив, АНЭУ, БНСУ, Серби, Куба, Япон зэрэг улстай нислэгээ сэргээжээ.
Москва хотод олныг хамарсан арга хэмжээ явуулахыг зөвшөөрч магадгүй байна
Москва хотын эрх баригчид олны хамарсан арга хэмжээг явуулахад тавьсан хязгаарлалтаа дөрөвдүгээр сарын эцсээр цуцлах боломжийг хэлэлцэж байна. Гэсэн ч хязгаарлалтыг цуцлах эсэх нь халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалах юм.
Үүнээс гадна тавдугаар сарын 9-нд болох “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалыг энэ онд уламжлалт хэлбэрээр явуулахыг зорьж байна. Ингэхийн тулд олныг хамарсан арга хэмжээнд тогтоосон хязгаарлалтыг Москва хотын эрх баригчид цуцлах шаардлагатай болох юм.
Харин Ялалтын баярын парад гарцаагүй уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон юм. Гэсэн ч халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Дмитрий Песков мэдэгджээ.
Олныг хамарсан арга хэмжээнд тавьсан хоригт мөн эсэргүүцлийн ажиллагааг хамруулж байгаа юм. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн жагсаал цуглаан дараа хоригийг зөрчсөнтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Оросуудын 30 гаруй хувь нь алсын зайнаас ажиллахыг хүсэхгүй байна
Гэрээсээ ажиллаж буй хүмүүсийн 30 гаруй хувь нь ажлын байрандаа эргэн орохыг хүсэж байгааг “hh.ru” цахим хуудас болон “WeWork” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Судалгаанд дурдсанаар, санал асуулгад оролцогчдын 37 хувь нь хэсэгчлэн юмуу бүтэн цагаар ажлын байрандаа эргэн ирж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 73 хувь нь долоо хоногт 2-3 өдөр ажлын байран дээрээ ирж ажиллахад бэлэн байгаа бол таван хүн тутмын нэг нь ажлын өдрүүдэд ажлын байран дээр ирж ажиллахыг илүүд үзжээ.
Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/