Г.Болдмаа: Улсын хэмжээнд 279.069 хүнийг вакцинжуулаад байна.

Улсын хэмжээнд 279.069 хүнийг вакцинжуулаад байна. Нийслэлд өчигдөр вакцинжуулалтын цэг ажиллаагүй, дархлаажуулалтыг аймаг орон нутагт  түлхүү хийсэн талаар ЭМЯ-ын хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээллээ. 

Нийслэлд 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж, нийт 267.300 хүнийг вакцинд хамруулжээ. Одоогоор вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж, өчигдрийн байдлаар 50-иас дээш насны 101.007 иргэн вакцин хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа аж.

"COVID-19" халдварын эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн насны хүмүүсийн 55 хувийг хамруулсан. Нийт дархлаажуулалтад хамрагдах 18-аас дээш насны 2 сая хүнээр тооцоход, одоогийн байдлаар 7 хүн тутмын нэгийг вакцинд хамруулаад байна. Үүнийг олон улстай харьцуулахад дээгүүр үзүүлэлттэй явж байна гэв. 

 

 

Вакцины хангамж: Засгийн газрын худалдан авахаар төлөвлөж буй вакцин дээр "Синофарм" үйлдвэрийн вакциныг ирэх сарын эхнээс 300, 4 дүгээр сарын 15-нд мөн 300, сүүл хүртэл нийт 900 мянган тунг нийлүүлэхээр болжээ. Мөн үүн дээр ОХУ-ын "Спутник-V" вакцин нэг сая тун авахаар болж буй тул дархлаажуулалтыг өргөн хүрээтэй хийх боломж бүрдэж байна гэв. 4 дүгээр сарын 10-наас "Синофарм" вакцины, 23-наас "Астразенека" вакцины давтан тунг тус тус хийнэ. 

 

Дархлаажуулалтад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг 100 хувь хамруулж, халдварын хариу үйл ажиллагаанд хамрагдаж буй бусад албан хаагч мөн бүгд хамрагдаад байна.

Одоо байгууллага, ААН-үүд, худалдааны байгууллагын ажилтнууд хамрагдаж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 98 хувь хамрагджээ. Удаалаад 25 насныхныг хамруулахаар энэ 7 долоо хоногоос бэлтгэл ажлыг хангаж байна гэв. 65-аас дээш насны иргэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн тул харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцин хийлгэх боломжтой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.39)