Сү.Батболд руу оройлон дайрах нь зөв үү, буруу юу?
Нийтлэлч П.Хашчулууны “Сү-г барьж идэх нь ээ” нийтлэлийг уншиж суугаад Сү.Батболдын талаар санаанд орсон хэдэн зүйлээ бичье гэж бодлоо. Манай улс төрд нэг ийм заваан жишиг тогтчихлоо. Цагийн цагт нэг дайсан тодруулж байдаг. Тэрийг нь тойрч их, багагүй муулж таашаал авцгаана. Хэсэг хугацааны дараа тэр дайрлага, гүтгэлгэд өртсөн хүн буруугүй нь тодроод ирдэг.
С.Баярыг хар, түүнийг одоо муулах хүн алга. Нэгэн үе С.Баяраас муу хүнгүй л байлаа. Хэн нэгэнд юм уу, аль нэг улс төрийн хүчинд түүн лүү дайрах шаардлага байж. С.Баярцогтыг санаж байгаа биз дээ. Бас л нийтээрээ дайрсан. Дараа нь М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд юу боллоо. Магадгүй тэр сонгуульд ялаад Ерөнхийлөгч болчихсон бол хичнээн амар байхсан билээ гэж халагламаар. Ядаж л хүний өөрийн нам руу дайрч давшлахгүй байсан биз ээ.
Сундуйн Батболдыг яалаа даа. Үнэн хэрэгтээ үе үеийн хотын дарга нараас хамгийн хэнхэг нь тэр хүн байсан юм шүү. Улс төр биш, ажил хийснээрээ л буруутан болдоггүй юм бол түүнийг буруутгах буруутгал үгүй. Элдвээр нь дайрсаар шахалт үзүүлж, эцэстээ ажлаа өгсөн. Монголын улс төрд нэг ийм цикльтэй бий болчихлоо. Хэн нэгнийг онилж байгаад сүрэглэн дайрдаг. Яаж ч үнэнийг тайлбарлаад тэр үед хүн сүрэг үнэнийг сонсохыг хүсдэггүй.
Өнөөдөр ээлжит дайралтын бай нь Сү.Батболд болж байна. Ердөө л Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд яригдсаныхаа төлөө ардын дайсан мэтээр дайрч, давшилж байна.
Хүн хүний араншин өөр. Зарим нь адилхан үзэлцээд, зарим нь гар зөрүүлээд, зарим нь чив чимээгүй зугтдаг. Сү.Батболд зугтсангүй, хэрэлдсэнгүй, хашгирсангүй, дайрч давшилсангүй, зодолдсонгүй. Түүний характер аль нь ч биш л дээ. Тэр чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд явахыг илүүд үздэг. Хүн юм болсон хойно ингэж их довтолж дайрахад жаргалтай л байв гэж.
Энэ олон дайралтын дундуур ганцхан удаа товч тодорхой хариулт чуулганы танхимд хэлж байгаа харагдана лээ. Тэр нь “Гүтгэлгийг хуулийн байгууллагаар шалгуулна” л гэлээ. Нотолгоогүй олон гүтгэлгээ нотлох гэж түүн рүү аймшигтайгаар, зохион байгуулалттайгаар сүрэглэсэн дайралт үргэлжилсээр л байна. Хэсэгтээ үргэлжлэх ч юм шиг байна.
Нийтлэлч П.Хашчулууны хэлсэнчлэн түүнийг барьж идэх нь ээ. Сү.Батболд шиг сийрэг толгой Монголд хэрэгтэй. Түүнийг баалах гэсэн зарим нь “Чингис” зочид буудлын хувьцааг яаж авлаа гэж ирээд муулж байгаа харагдсан. Хамгийн зөв аргаар ил тод авсан шүү. Баахан тоночихсон балгасыг дэлхийн томчууд зочилдог болтол нь босгож ирсэн. Емарт дэлгүүрийн сүлжээг хар. Монголд худалдааны соёлыг нэвтрүүлж чадлаа шүү дээ. Уул уурхайн салбарт гар дүрсэн гэж ирээд шүүмжлэх юм. Таван толгойг Монголын ард түмнийх болгож өгсөн хүн шүү дээ. Сү.Батболд руу сүрэглэн дайрч байгаа хүмүүс түүн шиг гавьяа Монголд байгуулсан бил үү. Сү.Батболдын гавьяаг уул гэвэл гай нь атга шороо ч хүрэхгүй.
Монголд хамгийн их гай тарьж, Монголын хөгжлийг ухраасан хүмүүс Сү.Батболд руу оройлон дайрах нь гутамшигтай. Өнөөдөр дэлхийн ардчилсан улс орнууд луйварчиндаа итгэж, хэрхэн сүйрч байгааг харж байна.
Тэд Сү.Батболд шиг, С.Баяр шиг манлайлагчдаа ад үзэж, дүр эсгэсэн ардчилагч, дүр эсгэсэн эх орончдоо шүтсэнээс болж улс орноо сүйрэлд хүргэж байгаа юм. Худлаа эх орончид цус үзэх гэж улайрдаг. Хувьсгал ярьж солиорцгоодог. Бид бизнес сэтгэлгээтэй, чөлөөт эдийн засгийг дэмждэг, эрдэм боловсролтой ийм хүмүүсээ адлах биш өмгөөлөх хэрэгтэй юм.
Үнэн хэрэгтээ Сү.Батболд хичнээн гүтгүүлсэн ч ажлаа хийгээд л урагшилсаар. Гүтгэгсэд шүлсээ үсчүүлсээр.
Эх сурвалж: “Өдрийн сонин”