С.Амарсайхан: Гадаа задгай орчинд ажиллах ажилчдын тоонд хязгаар тогтоохгүй
Засгийн газрын 2021.03.31-ны өдрийн шийдвэртэй холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчийн асуултад хариулав.
-Ажлыг нь хязгаарласан аж ахуйн нэгжид эдийн засгийн ямар дэмжлэг олгох вэ?
-С.Амарсайхан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, хязгаарлалтад орж байгаа аж ахуйн нэгжид дэмжлэг олгох асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах үүргийг Сангийн сайдад өгсөн.
-Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 30 хувь нь ажлын байранд ажиллаж, бусад нь цахимаар ажиллах шийдвэр гаргасан. Тэгвэл төрийн байгууллагынхан цахимаар ажиллаад бүтэн цалингаа авах бол хувийн хэвшлийнхэн ээлжээр ажиллаж цалингаа хасуулна. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?
-С.Амарсайхан: 14 хоногийн хугацаанд төрийн болон аж ахуйн нэгжүүд аль болох ажлаа цахимаар хийх боломжийг бүрдүүлнэ. Ингэж бөөгнөрлийг арилгаснаар хатуу хөл хорио тогтоолгүйгээр цар тахлыг давж гарч чадна. Тасралтгүй ажиллах эрчим хүч, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрийн бүхий л газарт халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллана.
Урьдчилан сэргийлэх бүх боломжоо дайчилж аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх Засгийн газрын бодлого, хичээл зүтгэлийг хамтдаа биелүүлэхийг хүсэж байна. Энэ хүрээнд ахиц, үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Зах худалдааны төвийн 30 хувь нь ажилласнаар, лангуу цөөрч, түрээс нэмэгдэж барааны үнэ хөөрөгдөх эрсдэл гарах уу?
-Б.Жавхлан: Инфляци одоо 2.6 хувьтай байна. Энэ бол ойрын хэдэн жил байгаагүй бага түвшин. Тиймээс үнийн хөөрөгдөлд ямар нэг огцом хөдөлгөөн байхгүй гэж ойлгож болно. Валютын ханш ч адил. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн наймдугаар сараас хойш 2850 төгрөг дээр тогтвортой байсан. Өмнө нь ийм хөдөлгөөнгүй олон сар болсон тохиолдол байгаагүй. Хатуу хөл хорионы үед ч бараа бүтээгдэхүүний хомстол, эрэлт үүсэж байгаагүй тул үнэ, ханшид нөлөөлөх эдийн засгийн шалтгаан байхгүй гэж ойлгох хэрэгтэй.
-Бүтээн байгуулалтын салбарууд богино хугацаанд ажилладаг. Одоо тэдгээрийн ажиллах улирал ирж байна. Нэг дор бөөнөөр цугларахгүй бол ажил удаашрах эрсдэлтэй юм биш үү?
-Бүтээн байгуулах салбар улирлын чанартай, богино хугацаанд ажил нь үргэлжилдэг. Тиймээс зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ажилчид тухайн газартаа халдвар хамгааллаа барьж бүрэн ажиллана. Хүний хязгаар тогтоож байгаа нь нэг дор олноор, ялангуяа дотоод орчинд буюу ажлын байранд цуглуулахгүй байхад хэрэгжүүлж буй арга хэмжээ. Дээр дурдсан бүтээн байгуулах салбарууд нь ихэвчлэн гадаа орчинд ажилладаг тул эрсдэл харьцангуй бага гэж үзсэн. Тиймээс халдвар хамгааллаа хатуу сахиж, зайгаа бариад ажлаа хэвийн хийх боломжтой тул ийм зохицуулалт хийсэн.
-Төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүтээн байгуулах ажлын санхүүжилт хэвийн олгогдох уу?
-Б.Жавхлан: Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтийн ямар ч саад гараагүй байна. Нэгдүгээр улирал одоо төгсөж байна. Ихэнх төсвийн хөрөнгө оруулалттай хэрэгждэг ажлууд 2-3 дугаар улиралд эхэлдэг. Одоогоор хөрөнгө оруулалтын 30 хувийнх нь ажил саадгүй явж байна. Эдийн засгийн идэвхжил, төсөөлөл өөдрөг байгаа. Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүд бизнесийн амьд харилцаанд орохдоо УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийнхөө зорилгыг эцсийн мөч хүртэл тууштай баримтална. Гэхдээ ард түмнийхээ амь насны улаан шугамыг давж гарахгүй. Эдийн засгаа хамт авч явахгүй бол зөвхөн эрүүл мэндээ авч гарвал цар тахлыг давсан гэж үзэхгүй.
Эх сурвалж: www.news24.mn