ЭМГЭНЭЛ: Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Төмөрбаатар таалал төгслөө
ЭМГЭНЭЛ
НЯМРЭНЦЭНГИЙН ТӨМӨРБААТАР
(1942-2021 он)
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Төмөрбаатар 2021 оны 3 сарын 31-ний өдөр өвчний улмаас бурхны оронд одож бидэнд хэмжээлшгүй их уй гашуу тохиолдлоо.
Н.Төмөрбаатар нь 1942 онд Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын Цохиот гэдэг газар төржээ. 1950-1957 онд Шинэ Идэр сумын 7 жилийн дунд сургуульд, 1957-1960 онд Мөрөн хотын 10 жилийн I дунд сургуульд суралцаж төгссөн. 1960-1964 онд МУИС-ийн Математикийн салбарт суралцаж Математикийн багш мэргэжилтэйгээр төгсчээ.
1964 онд МУИС-ийн Политехникийн факультетын Механикийн тэнхимд багшаар томилогдож, 1969 оноос Монгол Улсын Их Сургуулийн харьяа Политехникийн дээд сургуулийн Техникийн механикийн тэнхимд багш, 1974-1977 онд Механик технологийн факультетын декан, 1986-1988 онд ПДС-ийн Хичээл ангийн орлогч эрхлэгч, 1991-1994 онд ТИС-ийн Механик, технологийн сургуулийн захирал, 2002-2006 онд ШУТИС-ийн Математикийн сургуулийн Материалын эсэргүүцлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2007-2017 онуудад Математикийн сургуульд профессор, Механик, тээврийн сургуульд зөвлөх профессороор тус тус тасралтгүй 53 жил ШУТИС-д ажилласан билээ.
Профессор Н. Төмөрбаатар манай оронд анх удаа Материалын эсэргүүцлийн хичээлийн бүх шатны сургуулийн сурах бичгийг зохиож, кабинет, лабораториудыг байгуулж, багшлах боловсон хүчнийг бэлтгэсэн гавьяатай хүн юм. Материалын эсэргүүцлийн хичээл заадаг Их дээд сургууль, Техникум, ТМС-ийн оюутан сурагчдад зориулсан 30 гаруй сурах бичиг, гарын авлага зохиож, 5 лаборатори кабинетыг байгуулж, 20-иод лабораторийн ажил тавьсан нь одоог хүртэл сургалтад ашиглагдаж байна. Тэрээр эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруй, аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний зургаан ажлын удирдагч, гүйцэтгэгчээр ажиллан тайлан бичиж олон улсын болон улсын чанартай олон арван бүтээлүүдийг туурвисан юм.
Профессор Н.Төмөрбаатар 5000 гаруй оюутан, суралцагчдад дээд боловсролын суурь, техникийн механикийн хичээлүүдийг зааж төгсгөсөн бөгөөд түүний шавь нарын дотроос төрийн шагналтан 3, хөдөлмөрийн баатар 2, академич 1, шинжлэх ухааны доктор 3, доктор (Ph.D) 30 гаруй, их дээд сургуулийн багш 100 гаруй төрөн гарсан байна. Одоо манай улсын 10-аад их, дээд сургууль, коллежид түүний шавь нар Материалын эсэргүүцэл, механикийн онолын хичээлүүдийг зааж байна.
Профессор Н. Төмөрбаатар үйлдвэр аж ахуйн газруудтай аж ахуйн гэрээгээр эрдэм шинжилгээний ажил анх хийж байсан багш нарын нэг бөгөөд “Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүнд ноогдох уурын зарцуулалтын норм”, “Талх чихрийн комбинатын гоймонгийн үйлдвэрийн хорогдлын норм тогтоох” сэдэвт ажлууд болон манай орны хус модны физик механикийн шинж чанарыг судалсны үндсэнд түүнийг ан цавгүй хатаах горим тогтоож, хус модоор гутлын хэвлүүр хийж болохыг баталж ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, гүнзгийрүүлэн судалснаар 2000 онд доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан.
Профессор Н.Төмөрбаатар ажилласан бүх хугацаандаа оюутан залуучуудад өндөр боловсрол олгохын хамт тэднийг ажилч хичээнгүй, эх оронч хүмүүжилтэй болгох, ажил амьдралд бэлтгэж сургах талаар маш их идэвх зүтгэлтэй ажилласан бөгөөд багш, оюутны дунд өндөр нэр хүндтэй ахмад сурган хүмүүжүүлэгч байсан юм. Тэрээр МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д ажилласан бүх хугацаандаа сургуулийн захиргаа, олон нийтийн байгууллагын сонгууль байнга хүлээж, 20 гаруй удаа оюутны зун намрын ажил удирдаж, авто инженер, хөнгөн үйлдвэрийн технологийн салбарын хамгийн анхны ангиудыг удирдаж, соёлч нөхөрлөлийн анги болгон төгсгөж байв. Тэрээр их, дээд сургуулийн багш, хичээл ангийн орлогч эрхлэгч, декан, захирлаар ажиллах хугацаандаа ажлын амжилтаараа сургуулийн хэмжээнд тогтмол эхний байруудад шалгарч байсны зэрэгцээ оюутны дадлагын бааз үйлдвэр, аж ахуйн газруудтай гэрээ байгуулан оюутны үйлдвэрлэлийн дадлагын баазуудыг үүсгэн байгуулж, мэргэжлийн зэрэг олгуулах ажлыг анх зохион байгуулж байсан.
Хүндэт профессор Н. Төмөрбаатар тус сургуулийн анхны багш нарын нэг, Ректорын болон Эрдмийн зөвлөлийн гишүүний хувьд ПДС, ТИС-ийн удирдлага зохион байгуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Алтан Өлзий” одон, Монгол Улсын “Гавьяат багш” (2001 он) цолоор шагнагдаж, VI, VII таван жилийн гавшгайч, Монголын багш нарын V их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан билээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний мянга мянган шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай.
ШУТИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН ТЭНХИМ