Ваннд орох урлаг мөн тэрний ач тус

XXI зууны хүмүүс бид бүгдээрээ л дор бүрээ хийх зүйл ихтэй байдаг. Эрчимтэй өрнөх амьдралд ихэнх хүмүүс цаг хэмнэх зорилгоор түргэн шүршүүрийг сонгож, "ваннд орох" ойлголтыг бараг л мартчихсан харагддаг. Тэгэхээр бид энэ удаа ваннаа усаар дүүргээд, биеэ угаагаад дуусах биш, харин арьсаа зөөлрүүлж, стресс ядаргаагаа тайлж, шинэ хүн болсон мэт мэдрэмж төрүүлэх бүхэл бүтэн ванны урлагийн тухай өгүүлэхээр шийдлээ.

Магадгүй бидэнд өдөр бүр ваннд тухлах зав гарахгүй байж болно. Гэхдээ долоо хоногтоо ядахдаа нэгээс хоёр удаа "өөрийгөө хайрлах" цаг гаргаж байх хэрэгтэй шүү. Үүнийг та гэрийн нөхцөлд хийж болох спа үйлчилгээ гээд л бодчих. Ваннд орохын үндсэн зорилго нь эрт дээр үед "цэвэрхэн болох" байсан бол өнөө үед энэ нь "тайвшрах" болон хувираад байна. Намуухан ая, лааны бүүдгэр гэрэл, усны чимээ гээд л энэ бүхнийг зүгээр бодоход л сайхан сэтгэгдэл төрдөг. Үүний цаана зүгээр ч нэг сайхан санагдахаас илүү олон ач тустай зүйл байгаа.

 

Хэрвээ та одоо ваннд орох урлагийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд бэлэн болсон бол төгс ванныг хэрхэн бүрдүүлэх тухай алхам, алхмаар нь задалж үзэцгээе.

Тайвшруулах "спа" орчин бүрдүүлэх

Хэт тод гэрэлтэй ванны өрөө таныг тайвшруулахаасаа илүү түгшсэн төлөвт оруулах магадлалтай. Тэгэхээр юуны түрүүнд бүүдгэр гэрэл асааж, аль эсвэл бүх гэрлээ унтрааж, ванны эргэн тойронд нэлээд хэдэн лаа асааж тавиарай. Ингэхдээ лаануудаа гал авалцахгүй, аюулгүй газар байршуулахаа мартуузай. Дараагаар нь угаалгынхаа өрөөний хаалгыг хааж, хувийн орон зай бүрдүүлэхийг зорих хэрэгтэй. Энэ нь мөн халуун уурыг өрөөнөөс гаргалгүй, удаан барих ач холбогдолтой. Хөгжим сонсож тайвшрах дуртай нэгэн нь намуухан ая тавьж болох юм. Хэрвээ бүр илүү романтик орчин бүрдүүлэхийг хүсч байвал амьд цэцгийн дэлбээгээр чимэглэхэд илүүдэхгүй болов уу.

Ваннд орох урлаг (фото 2)

Ванны усаа бэлдэх


Халуун усаа нээж, ваннаа дүүргэхдээ зөөлөн үнэртэй тос нэмээрэй. Лаванда, мэлрэг цэцэг, цахилдаг ба сарнайн цэцгийн үнэртэй тос нь таныг илүү хурдан тайвшруулах увидастайн зэрэгцээ мөн арьсыг чийгшүүлэх болно. Дараагаар нь усандаа ванны давс нэмэхийг зөвлөх байна. Ванны давс нь булчин сулруулж, хөшсөн ба хөндүүрлэсэн мэдрэмжийг намдааж, аливаа үрэвслийг багасгах үйлчилгээтэй. Тэр дундаа Epsom гэх нэршилтэй магнийн сульфат бүхий найрлагатай давс нь хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг. Ваннд нэмж болох бас нэгэн бүтээгдэхүүн бол ванны хөөс юм. Хүүхэд насаа дурсаад хөөстэй ваннд нэг хэвтээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бие дэх усны тэнцвэрт байдлыг хадгалах
 

Халуун ваннд ороход бие хөлөрч, хор гадагшилж, бие организм дахь усны тэнцвэрт байдал алдагдаж эхэлдэг. Энэ нь яг л халуун саунд суухтай адил юм. Тиймээс халуун ваннд орохоосоо өмнө эсвэл орж байх зуураа шингэн зүйл уух нь чухал юм шүү. Түүнчлэн хэт халууцахаас сэргийлж хажуудаа хүйтэн устай жижиг сав ба алчуур бэлдэж тавьбал зохимжтой байдаг. Түүгээрээ та дух ба хүзүүндээ хүйтэн жин тавих боломжтой.

Бусад хэрэгслүүдээ бэлдэж тавих

Ванны ус ба өрөөний орчин бэлэн болмогц нүүрэндээ чийгшүүлэгч маск тавин нүдээ аньж, тайвшралыг олоорой. Зарим хүмүүс мөн дуртай нэвтрүүлгээ үзэж, эсвэл ном уншиж тайвшрах дуртай байдаг. Яадаг ч байсан өөрт тохирох зүйлээ сонгож, сэтгэл зовоох бодлуудаа түр хойш нь тавьж, хэдхэн минутыг өөрийгөө хайрлахад зарцуулаарай.

Ваннд орох урлаг (фото 3)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.117)