ОХУ Турктэй нислэгээ хязгаарлажээ
Дөрөвдүгээр сарын 15-наас ОХУ-аас Турк руу чартер нислэг үйлдэхийг хориглоно гэж тус улсын коронавирусний тархалттай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Туркт халдварын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад өдөрт 50 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ.
Шуурхай штабын мэдээлснээр, зөвхөн Москва, Истанбулын хооронд тогтмол нислэгүүд үйлдэнэ. Түүнчлэн Роспотребнадзор Туркийг Оросын иргэдэд зорчихыг байхыг зөвлөсөн орнуудын тоонд оруулжээ. “Tourdom” цахим хуудаст мэдээлснээр, Турк руу аялахаар зардлаа төлсөн жуулчид аялал жуулчлалын компаниудын санал болгож буй хувилбаруудтай санал нийлэхгүй тохиолдолд зардлаа 100 хувь буцааж авах боломжтой байна.
Турк улс гадаадын жуулчдын хувьд 2020 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл хаалттай байсан юм. ОХУ-тай шууд нислэгээ наймдугаар сард сэргээжээ. ДЭМБ-ын албан ёсны статистик мэдээгээр, 2020 оны хавар халдварын эхний давлагааны үеэр Турк улсад өвчлөл харьцангуй гайгүй байсан бөгөөд өдөрт 4 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 12 дугаар сарын сүүлчээс өвчлөл нэмэгдэж, өдөрт 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч тус улс Оросын жуулчдад хилээ нээжээ.
2021 оны гуравдугаар сарын дундуур Туркт шинэ дэгдэлт гарч, өвчлөл огцом ихэссэн байна. Гуравдугаар сарын дундуур өдөрт 10-15 мянган тохиолдол илэрч байсан бол дөрөвдүгээр сарын эхээр 40 мянга орчим болж нэмэгджээ. Дөрөвдүгээр сарын 9-нд ДЭМБ-ын мэдээлснээр, тус улсад 55900 тохиолдол бүртгэгдсэн нь өдөрт илэрсэн хамгийн олон болсон байна.
Туркийн Ерөнхийлөгч хязгаарлалтын арга хэмжээг дахин сэргээхээ гуравдугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Хязгаарлалт дөрөвдүгээр сарын 12-нд эхэлж, тавдугаар сарын 12-нд дуусах мусульман шашинтнуудын ариун Рамадан сартай давхцаж байгаа юм. Энэ үеэр бүх кафе, зоогийн газар зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн орон даяар амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоох боловч жуулчдад хамаарахгүй байна.
Туркт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятад, Иран улсууд мөн иргэддээ тус улс руу нисэхийг өнгөрсөн долоо хоногт хоригложээ.
Эх сурвалж: МОСКВА. /BBC/