Израилын хүүхдийн эмч нар 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулахыг санал болгожээ
Израилын Хүүхдийн эмч нарын холбоо “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад 12-15 насны хүүхдүүдийг хамруулж эхлэх санал гаргалаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдээлжээ.
Израилд өнөөдрийн байдлаар “Pfizer”-ийн вакцинаар 5.33 сая гаруй хүнийг вакцинжуулаад байгаа нь 9.33 сая орчим хүн амын 57.1 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
“COVID-19”-ийн вакцинжуулалтыг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос эхлүүлсэн тус улсад эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүсийг дархлаажуулжээ.
Түүний дараа вакцин хийлгэх хүмүүсийн насны хязгаарыг аажмаар бууруулж, одоогоор 16 болон түүнээс дээш насны хүмүүс вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм.
Хүүхдийн эмч нарын мэдээлснээр, хүүхдүүд вирусний халдварыг тараах тохиолдол нэмэгдэж байгаагийн зэрэгцээ халдвар авсан олон хүүхдэд бие сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг урт хугацаагаар илэрч байгаа ажээ.
Мөн цар тахлын үеэр сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод буй нь хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүйг эмч нар саналдаа дурджээ.
Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Xinhua/