Хувийн САХИЛГА БАТ гэдэг нь

Хувийн САХИЛГА БАТ гэдэг нь цаг хугацааны уртад суух боломжтой зүйл аж. Ийнхүү сахилга баттай нэгэн болохын тулд хийх алхмуудыг танилцуулж байна.

ХУВИЙН САХИЛГА БАТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бид юун түрүүнд хувийн сахилга бат гэж юу болохыг ойлгох ёстой. Энэ нь урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд бодол, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар юм. Асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг “өндөр түвшний” даалгавруудыг тархины урд хэсэг гүйцэлдүүлдэг. Тархины энэ хэсэг хувийн сахилга бат болон өөрийгөө хянах чадварыг ч мөн зохицуулдаг билээ.

Цөөнгүй тооны судалгаагаар хувийн сахилга бат сайтай хүмүүс эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьерын хувьд амжилттай байдаг нь тогтоогдсон. Нөгөө талаараа энэ төрлийн хүмүүс бусдаас илүү аз жаргалтай амьдардаг гэж хэлж болох юм.

Тэгвэл юу биднийг зорьсон ажлынхаа талаас ухрахад хүргэдэг вэ? Энэ гайхал бол бидний бодол, мэдрэмжид бий болдог “хийхгүй байсан ч яахав дээ” гэдэг шалтаг. Салбартаа шилдэгт тооцогддог сэтгэлзүйч Roy F. Baumeister өөрийн “Willpower: Rediscovering the Greatest Human Strength” номондоо хүний хүсэл зориг бол “хязгаарлагдмал нөөц бүхий зүйл” гэсэн санааг дурдсан байдаг. Тайлбарлавал, хүсэл зориг гэдэг нь хязгаарлагдмал нөөц бүхий эрдэнэс бөгөөд үүнийг ашиглах тусам оюуны эрч хүч шавхагдаж байдаг аж. Тиймээс нэг даалгавар дээр энэхүү хүсэл зоригоосоо ашиглачихвал дараагийн даалгавар дээр хангалттай хэмжээний хүсэл зоригтой хэвээр байх магадлал бага. Тийм болохоор л өдөртөө эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй нэгэн байснаа орой нь сулбагар нэгэн болчихдог байх.

Хязгаарлагдмал нөөцийн тухай онолыг энэ салбарын дийлэнх мэргэжилтнүүд ойролцоогоор 30 жилийн турш хүлээн зөвшөөрсөөр ирсэн ч 2016 онд хийгдсэн нэгэн судалгааны ажил хүний хүсэл тэмүүлэл эд материал шиг шавхагддаг гэдгийг батлах баримт байхгүй гэсэн санааг гаргаж иржээ. Гэхдээ энэ хоёр төрлийн үзэл санааны аль аль нь хувийн сахилга батыг хүн өөрөө бий болгох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тиймээс үүнийг бий болгож, зорилгодоо хүрч, өөрөөрөө бахархах тэр мэдрэмжийг авахын тулд бодол болоод мэдрэмждээ зорилгоос тань буцаах хэмжээний эрх мэдлийг бүү олгоорой. 

1. ТЭМЦЭЛДЭХЭЭС ЗАЙЛСХИЙ

Хүүхэлдэйн кинон дээр гол дүрийн баатрын дотор сайн, муу гэсэн хоёр зүйл тэмцэлдэж буйг дүрсэлдэг. Жишээлбэл, зүүн мөрөн дээр нь тухайн хүний сайн байх хүслийг илэрхийлсэн тэнгэрийн элч, баруун мөрөн дээр нь муу зүйл хийх хүслийг нь төлөөлсөн чөтгөр сууж байдаг. Гол дүрийн баатар ямарваа нэг чухал шийдвэр гаргахад тэдгээр биетүүд маргалдаж, эцэст нь шийдвэрийг ялсан талынх нь хүслээр гаргадаг. Аливааг шүүн тунгаах чадвартай болох насанд хүрээгүй байхдаа үзсэн болоод ч тэр үү, энэхүү хийсвэр зүйлд итгэсээр явдаг хүмүүс бий. Та ч бас тэдний нэг байж болох юм. 

Угтаа бол хувийн сахилга баттай хүмүүсийн доторх сайн, муу талууд нь тулалдаад, сайн нь ялсан учраас зорилго руугаа үргэлжлүүлэн тэмүүлж байдаг юм биш ээ. Энэ салбарын мэргэжилтнүүд сахилга баттай хүмүүс анхнаасаа л бодол дотроо зөрчил тэмцэл үүсгэдэггүй гэж үздэг. 

Brian Galla нарын эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгааны үр дүнд хувийн сахилга баттай хүмүүст амьдралын зөв хэв маягтай байх нийтлэг шинж тэмдэг ажиглагдаж байв. Тэд өдрийн цагийн хуваарьтай бөгөөд хэдэн цагт юу хийх нь тодорхой байдаг тул хийх үү, болих уу гэж эргэлзэх шаардлага ч гардаггүй. Мөн тэд өдөрт бүр тодорхой хугацаанд биеийн хүчний болон оюун санааны дасгал хийдэг байжээ. 

2. БЯСАЛГА

Оюун санааны дасгалын тухайд та хүрмээр буй газартаа хүрч, болмоор байгаа “мундаг” хүн шигээ болох замд тань садаа болох бодол болон мэдрэмжийг дарж, амар тайван байдлыг олж сурах хэрэгтэй. Мэдээж амар тайван байдал гэдэг үгийг уншихад л танд бясалгалын тухай бодол орж ирсэн байх. Тэгсэн бол таны зөв өө. Бясалгалын тусламжтайгаар та замдаа тааралдах эдгээр үл бүтэх үеүдийг туулах боломжтой. Ер нь өөртөө цаг гаргаад, тухтай гэгч нь суугаад, бодлоо цэгцэлнэ гэдэг нь өөрөө сахилга бат болоод үүрэг хариуцлагыг суулгаж байдаг ажил юм шүү дээ.

Бясалгал хийж сурснаар бид толгойд ямар нэгэн бодол төрөхөд тухайн бодлыг шүүхгүйгээр, онцгой ач холбогдол өгөхгүйгээр, хүч нэмэхгүйгээр өнгөрөөх боломжтой. Ингэж чадвал толгойд тань эргэлдэж буй замаасаа буцах тухай бодлууд үгүй болж, зорьсон ажлаа хийхэд тань урам өгөх бодлууд бий болох боломжтой. Энгийнээр бол юу бодохоо та өөрөө шийдэх боломжтой гэсэн үг. 

“Headspace” бясалгалын апликэйшний үүсгэн байгуулагч, Буддын шашны лам асан Andy Puddicombe өөрийн амьдралын бүтэн арван жилийг сүмд өнгөрөөжээ. Ингэхдээ зарим өдөрт бүр 18 цагийн турш бясалгаж байсан гэв. Гэхдээ та санаа зовох хэрэггүй ээ. Энгийн бид ийм олон цагаар бясалгал хийх шаардлага үгүй, боломж ч байхгүй шүү дээ.

Харин түүний зөвлөж байгаагаар хүн өдөрт дор хаяж арван минутыг бясалгал хийхэд зориулж чадсанаар өөрт мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлтийг мэдрэх боломжтой аж. Мэдээж нэг удаа хийгээд л үр дүн нь харагддаг зүйл биш. Юун түрүүнд бид оюун бодлоо бясалгал хэмээх дасгалыг хийхийн тулд бэлтгэх хэрэгтэй. Ингээд аливаа бодол болоод мэдрэмжийг хүлээн авдаг арга барилаа үндсээр нь өөрчилнө. Их ажил байгаа биз? Гэхдээ хачирхалтай санагдаж байж магадгүй ч өдөр бүр бага багаар хийхэд л үр дүн нь танд мэдрэгдэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.10.68)