Оюутан, сурагчдын өдөр тутмын хэрэглээ болсон 6 апликэйшн
Гар утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг төдийгүй “дотнын” туслах болсон байна. Нэн ялангуяа оюутан залуус гар утсыг өдөр тутамдаа олон цагаар ашигладаг бөгөөд үүнийг нь буруутгах ч аргагүй юм. Учир нь бидний бүхий л хэрэглээ цахимд шилжиж, гар утсаараа бүгдийг амжуулах боломжтой болжээ.
Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ оюутнуудын түгээмэл ашигладаг зургаан апликэйшнийг нэрлэж байна.
Бие даалт, семинарын даалгавраа цаасан дээр хэвлэж “зөөдөг” үе нэгэнт өнгөрчээ. Техник технологийн эрин үед амьдарч байгаа залуус бидний хувьд цахим орчин амьдралын маань салшгүй нэг хэсэг болсон байна. Тийм ч учраас “жи-мэйл рүү шидчих” гэдэг үгийг сонсож байгаагүй оюутан ч бараг байхгүй биз.
Бие даалт болон семинарын ажлаа багш руугаа илгээхдээ G-mail ашиглахад л хангалттай. 15 GB багтаамжтай болохоор “багтаамж дүүрнэ” гэж санаа зовох шаардлагагүй. Хэрвээ багтаамжаа өсгөхийг хүсвэл зохих хэмжээний төлбөр төлж болох бөгөөд энэ нь тийм ч өндөр үнэтэй биш учраас оюутан залуусын хувьд яах аргагүй хамгийн зөв сонголт байж чаддаг.
Автобусанд суухдаа, алхахдаа, гэрээ цэвэрлэж байхдаа гээд хаана ч хэдийд ч сонсох боломжтой учраас сүүлийн үеийн ихэнх оюутан залуус подкаст сонсох болжээ. Хэрэглэхэд тун хялбар уг апликэйшнээр Монголын болон дэлхийн шилдэг подкастуудаас гадна залуу уран бүтээлчдийн цоо шинэхэн дууг цаг алдалгүй хүлээн авч сонсох боломжтой.
Энэ жагсаалтад видео стрийминг үйлчилгээний алдарт “Netflix” багтахгүй бол алдас болно биз. Олон залуус англи хэлээ сайжруулахын тулд Netflix хэрэглэдэг бол зарим нь өөрсдийн кино үзэх сонирхол дээрээ тулгуурлан тус үйлчилгээний хэрэглэгч болдог. Бүртгэл үүсгэн өөрт тохирсон багцаа сонгоод л кино, нэвтрүүлгийг зогсоо зайгүй үзэж болно. Суурь хураамж нь ганцаараа төлөхөд үнэтэй санагдвал “Premium” багцыг гурван найзтайгаа нийлж аваад дөрвүүлээ тусдаа үзэж болдог.
Netflix үзэж байхад дундуур нь зар сурталчилгааны бичлэг, элдэв постер гарч ирэхгүй нь бас нэг давуу тал шүү. Үүнээс гадна дэлхийн шилдэг баримтат кинонуудыг дуу дүрсний өндөр чанартай үзье гэвэл мэдээж Netflix-ийг л сонгох хэрэгтэй.
Суух автобусаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй, хүйтэнд “хөрж”, халуунд “халж” зогсох ямар ч шаардлагагүйг оюутнууд сайн мэднэ. Суух автобусаа хаана явж байгааг UB Smart Bus апликэйшнаасаа хараад, цагаа тооцоолоод гарахад л хангалттай.
Мөн гар утасныхаа GPS-ээ асаагаад ойролцоох автобусны буудлаа харчихна. Энэ бол зөвхөн оюутнууд ч биш нийслэлчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг апликэйшн юм.
Өнөө үед гар утсаар амжуулж болохгүй зүйл ховорхон болжээ. Тиймээс өдөр бүр зузаанаас зузаан толь бичиг цүнхэлж явахгүйгээр гар утсан дээрээ Oxford-ийн толь бичгийг суулгахад л хангалттай болж. Зарим оюутнууд англи үг орчуулахдаа шууд л Google Translate ашиглах гээд байдаг сул талтай. Гэвч бодит байдал дээр энэ бол хамгийн муу сонголт. Учир нь англи үг ихэнхдээ хоёроос дээш утгатай байдаг. Иймээс Oxford-ийн толь бичгийг утсан дээрээ суулгаад шаардлагатай үгсээ хайж, ойролцоо утгатай үгсийг нь ч хараад ав.
Заримдаа ч салбартаа тэргүүлэгч шилдэг эрхмүүдийн илтгэлийг нэг дороос сонсох боломж олгодог TED-дээ ганц сайн “Баярлалаа” гээд хэлчихмээр санагддаг шүү. Орчин үед TED чуулга уулзалтын талаар мэдэхгүй залуус ч ховор болсон. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд илтгэл тавьж буй шилдэг мэргэжилтнүүдийн яриаг сонсож “нэгийг бодож, хоёрыг тунгаадаг” болсон байна.
Гэхдээ та илтгэлүүдийг нь одоо хүртэл YouTube хуудаснаас сонсож байгаа юм биш биз? Хэдийгээр илтгэлүүдийг нь TED чуулга уулзалтын албан ёсны YouTube сувгаас сонсох боломжтой ч апликэйшнийг нь суулгачихвал илүү хялбар. Элдэв янзын сурталчилгаа үзэж цагаа үрэхгүй, сонсохыг хүссэн илтгэлээ өндөр нягтшилтай үзчихнэ. Үүнээс гадна татаж аваад интернетгүй үедээ ч сонсох боломжтой байдаг.