АНУ уур амьсгалийн өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр бусад оронд санхүүгийн тусламж үзүүлнэ

АНУ-ын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр бусад улс оронд санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөө баталжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн дулааралтай тэмцэх асуудлаар зохион байгуулж буй цахим дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ мэдэгдэв.

"Нэмж дурдахад өнөөдөр бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой Америкийн анхны санхүүжилтийн төлөвлөгөөг баталж байна" гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. 

"Энэхүү төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн улс орнуудын арга хэмжээг уялдаа холбоотой санхүүжүүлэх бидний алсын харааг тусгасан болно. Үүнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чанартай санхүүжүүлэх, хэмжээг нь нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлэх АНУ-ын агентлагуудын тодорхой ажлуудыг багтаасан. Мөн хөгжиж буй орнуудад ч, дотооддоо ч уур амьсгалын асуудлыг шийдэхэд илүү их хөрөнгө оруулахад хувийн хэвшлийг дэмжихэд бидэнд тус дөхөм болно" гэж Жо Байден хэлэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, одоогийн цаг үе яаралтай шийдвэр гаргахыг шаардаж байна. "Сайн санаа, хүсэл эрмэлзэл хангалтгүй байна. Бид нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахын тулд санхүүжилт олгох ёстой. Энэ нь шинэ ажлын байр, хүчирхэг эдийн засаг, илүү аюулгүй дэлхийг бий болгох боломжийг ашиглах боломжийг олгоно. Бид үүнийг хамтдаа хийж чадна гэдэгт би итгэлтэй байна" гэж тэрбээр хэллээ.

Уг хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийг бууруулах буюу тэглэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицоход нь туслах зорилготой болохыг Цагаан ордон онцолсон байна. АНУ эдгээр улсад олгох жилийн санхүүжилтийг 2024 он гэхэд Барак Обамаг Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллаж байх үеийнхтэй (2012-2016) харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Энэ сарын 22-23-нд АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 40 удирдагч оролцож байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.211.71)