Багдадын эмнэлэгт амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй

Иракийн нийслэл Багдад хотын эмнэлэгт гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 130-д хүрч болзошгүй байна гэж тус улсын Хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус дээд комисс /IHCHR/ мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, “Ibn al-Khatib” эмнэлэг дэх хүчилтөрөгчийн баллон дэлбэрсний улмаас түймэр гарчээ. Багдад хотын зүүн хэсэгт байрладаг уг эмнэлэгт коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилж байжээ.

Хүний эрхийн комисс халдвар авсан өвчтөнүүд олноороо эмчлүүлж буй эмнэлгийг зорих хүмүүсийн тоог хязгаарлах тухай Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж мөрдөөгүй хэмээн эмнэлгийн ажилтнуудыг буруутгасан байна.

Мөн эмнэлэгт галын аюулыг эрт анхааруулах систем дутагдалтай байснаас гадна эмнэлгийн удирдлага өвчтөнүүдийн амь насыг хурдан аварч чадаагүй гэдгийг Хүний эрхийн комиссын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадхими эмнэлэгт түймэр гарсан явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Хасан аль-Тамимийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Эх сурвалж: БАГДАД. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.36)