Бизнесийн итгэлийн индекс сүүлийн 4 жилийн үзүүлэлтээс доогуур гарав

 МҮХАҮТ-аас өнөөдөр танилцуулсан “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүнгээр бизнесийн орчны итгэлийн индекс 0.28 болж, сүүлийн 4 жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ. 

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтцийн салбарууд "COVID-19"-ийн цар тахал, удаа дараагийн хөл хорио томоохон цохилтод өртөж, хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн энэ үед “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааг танилцуулав. 

Судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд, бизнесийн итгэлийн үндсэн 4 үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй гарав.. Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан юм. 

Энэ удаа барилга, ХАА, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байв. Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна гэсэн хүлээлттэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж оролцогчид үзжээ. 

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Судалгааны аргачлалд энэ жилээс өөрчлөлт оруулж, олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбараар тооцон гаргажээ. Энэ оны 3 дугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт явуулсан “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгаанд 1400 гаруй ААН хамрагдав. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь ХАА, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон ААН-үүдийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна. 

Судалгааны дүнг танилцуулах үеэр "Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага" сэдвээр хэлэлцүүлэг болов. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар байр сууриа илэрхийлэв. МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, ААН-үүдэд өршөөл үзүүлэх талаар УИХ, Засгийн газарт санал тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо. 

 

Судалгааны талаар тэрээр хэлэхдээ, "Бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий бизнесийн итгэлийн индексийн судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн"-ийг дурдлаа. 

Судалгааны үеэр эдийн засаг, нийгмийн зарим үзүүлэлтийг танилцуулсныг хүргэвэл, 2020 онд нийт 132 мянган  ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна. 2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй гарчээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.73.248)