“Apple” АНУ-ын эдийн засагт 430 тэрбум долларын хөрөнгө оруулна

 “Apple” компани шинэлэг технологиудыг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын эдийн засагт таван жилийн хугацаанд 430 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

"Apple"-ийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, ирэх таван жилийн хугацаанд хийх хөрөнгө оруулалтын ихэнхийг хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн (5G) сүлжээ, шинэ процессоруудыг хөгжүүлэхэд зарцуулах гэнэ. Тус компани АНУ-д нийтдээ 20 мянга орчим ажлын байр шинээр бий болгоно гэж тооцоолж байна.

"Дахин сэргэлтийн үед “Apple” компани хөрөнгө оруулах замаар АНУ-д шинэ технологи, үйлдвэрлэлийг дэмжих хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна. Хөрөнгө оруулалтыг бүх 50 муж улсад хуваарилна" гэж тус компанийн тэргүүн Тим Кук цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, компанийнх нь хөрөнгө оруулалт хиймэл оюун ухаан бүхий орчин үеийн технологи, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Тухайлбал, Умард Каролинад хэрэгжүүлэх төсөлд 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тус муж улсад шинэ кампус, судалгааны гурвалжин цэцэрлэгт хүрээлэнгийн инженерийн төвийг барьж эхлэх юм. Хөрөнгө оруулалт мөн машин сургалт, хиймэл оюун ухаан, программ хангамжийн инженерчлэл болон бусад тэргүүлэх салбарт дор хаяж 3000 ажлын байр бий болгоно. 

Үүнээс гадна, Умард Каролинагийн өргөн зурвасын харилцаа холбоог хөгжүүлэх, сургууль, зам, гүүр барих зэрэг дэд бүтцийн төслүүдэд 110 сая гаруй доллар зарцуулахаар төлөвлөж байна.

2018 онд танилцуулсан өмнөх багцтай нь харьцуулахад хөрөнгө оруулалт 20 хувиар нэмэгдсэнийг тус компани онцолжээ.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /interfax/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.99)