АНУ Энэтхэгт 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ
Коронавирусний халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд нь зориулж АНУ Энэтхэгт ойрын өдрүүдэд 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
“Цар тахлын давлагаатай тэмцэж буй Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, яаралтай тусламж үзүүлэхэд зориулж 100 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын муж улсууд, хувийн компаниуд, төрийн бус байгууллагууд, олон мянган иргэн амин чухал хэрэгцээтэй болсон хүчил төрөгч, бусад дагалдах хэрэгсэл, анхан шатны тусламжийн хэрэгслүүүдийг Энэтхэгийн эмнэлгүүдэд хүргэхэд бүхий л хүчээ дайчиллаа” хэмээн мэдэгдэлд дурдав.
Эмийн бүтээгдэхүүн, түргэвчилсэн оношлуурын багц, хиймэл амьсгалын аппарат, хувийн хамгаалалтын хэрэгсэл ачсан онгоцнууд пүрэв гаргаас Энэтхэгийг зорино. Үүнээс гадна Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакцинаас 20 сая тунг Энэтхэг рүү явуулах аж.
Түүнчлэн вирусний эсрэг “Remdesivir” эмээс 20 мянган ширхгийг явуулахаар болжээ. Тус эмийн экспортод Энэтхэгийн Засгийн газар 4 дүгээр сарын 11-нд хориг тавьжээ. Энэ эмийг өмнө нь үйлдвэрлэгчид хилийн чанадад тэр дундаа АНУ-д өргөнөөр нийлүүлж байсан аж.
Эх сурвалж: ЛОНДОН. /Reuters/