Хятадын эрх баригчид гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна.

Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 1970-аад оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энд хотын оршин суугчдад нэг хүүхэдтэй, харин тосгоныхонд хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Бодлогыг зөрчсөн тохиолдолд эцэг эхчүүдэд өндөр торгууль ногдуулдаг байв. Мөн төрийн албанаас халах, Хятадын Коммунист Намын эгнээнээс хасах зэрэг арга хэмжээ авдаг байжээ.

Хэдэн жилийн өмнө Хятадад эцэг эх нь хоёулаа айлын ганц хүүхэд бол, мөн хөдөө орон нутагт амьдардаг гэр бүлүүдэд анхны хүүхэд нь охин бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн байна.

2013 онд Хятадын хууль тогтоогчид эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол гэрлэсэн хосуудад хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлжээ.

Статистикийн мэдээллээр, 2020 оны эцэст Хятадын хүн ам. 1.41 тэрбумд хүрчээ. Нийт хүн амын 723.34 сая нь эрэгтэйчүүд бол 688.44 сая нь эмэгтэйчүүд байна. Тэдний 63.35 хувийг 15-59 насныхан эзэлж байгаа бол 18.7 орчим хувь нь 60-аас дээш насныхан аж. Түүнчлэн 17.95 хувийг 14 хүртэлх насны иргэд эзэлж байна.

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.189)