Өнгөрсөн онд дүрвэгчдийн тоо 80 сая давжээ
Дайн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин явахаас аргагүйд хүрсэн хүний тоо өнгөрсөн онд 82.4 саяд хүрлээ гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын тайланд дурджээ.
Коронавирусний цар тахлыг үл харгалзан өнгөрсөн онд дайн, хүчирхийлэл, хавчлага хүний эрх зөрчигдөж буй явдлаас дүрвэгдсдийн тоо 82.4 саяд хүрсэн нь өмнөх оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт аж. 2019 онд ийм хүмүүсийн тоо 79.8 саяар тоологдож байжээ. Хамгаалалт шаардлагатай байгаа хүмүүсийн 48 сая нь дотооддоо шилжин суурьшигсад аж. Жилийн хугацаанд дотооддоо шилжин суурьшигсдын тоо 2.3 саяар нэмэгдсэн нь Этиоп, Судан, Сахелын бүсийн улсууд, Мозамбик, Йемен, Афганистан болон Колумб улсын хямралтай холбоотой байна.
“Тоо болгоны ард орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн хүмүүс байна” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдэгдээд, эдгээр хүмүүст анхаарал, дэмжлэг, "шийдэл олох" хэрэгтэй байгааг цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд "улс төрийн илүү их хүсэл зориг" шаардагдана.
Тайланд тэмдэглэснээр, орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн хүмүүсийн 42 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байна. Шинжээчдийн тооцоолсноор, 2018-2020 оны хооронд 1 сая “дүрвэгч хүүхэд” төржээ. 2020 оны хугацаанд дотооддоо шилжин суурьшигч 3.2 сая хүн, мөн 251 мянган дүрвэгч гэртээ эргэж ирсэн байна. Түүнчлэн 33 800 дүрвэгч хүлээж авсан улс орнуудынхаа иргэн болжээ.
Дээд комиссар Филиппо Гранди "дэлхийн удирдагчид болон нөлөө бүхий хүмүүст хандан санал зөрөлдөөнөө хойш тавьж, улс төрд хувиа хичээсэн хандлагыг зогсоохыг" уриалсан байна.
Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/