ӨӨРТ ТОХИРСОН ХОББИГ ОЛЪЁ
Том болох тусам л бидний хүлээх үүрэг хариуцлага ихэссээр байдаг. Үүнээс үүдэн хийх ажлын уртаас урт жагсаалт дундаасаа “хобби” гэсэн хэсгийг хасаад тэр чигт нь мартах тохиолдол цөөнгүй. Хэрвээ өөрт тохирсон хоббигоо олж, түүндээ цагаа зөв зарцуулж сурахаар шийдсэн бол бидний энэ удаагийн нийтлэлийг сонирхоорой.
ЯМАР НЭГЭН ХОББИТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ГЭЖ ҮҮ?
2010 онд Канзас, Питтсбург болон Техасын Их Сургуулийн судлаачид хамтран “Питтсбургийн сонирхлын судалгаа” нэртэй тест боловсруулж, өөрийн дуртай зүйлдээ цаг зарцуулдаг байх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.
Судалгааны үр дүнд өөртөө чөлөөт цаг гаргадаг хүмүүсийн стрессийн түвшин харьцангуй бага, мөн илүү тайван унтдаг болох нь ажиглагджээ. Мөн эдгээр хүмүүсийн ажлын бүтээмж нь өөртөө цаг гаргадаггүй хүмүүсийнхээс хавьгүй өндөр байв.
ТОХИРОМЖТОЙ ХОББИ МӨН ҮҮ?
Цагаа дэмий зүйлд үрэхгүйн тулд өөрт тохирсон хоббиг олох нь маш чухал. Ингэхдээ “хобби” ба “сонирхол” хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Сонирхол гэдэг нь шинэ зүйл суралцах хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь ямар нэг шаардлагын үндсэн дээр бий болдог. Харин хобби нь бүхий л үүрэг хариуцлагаас ангид, зөвхөн өөрийн хүслийн дагуу хийж буй зүйлс юм.
Тэгвэл хоббигоо зөв сонгохын тулд өөрийн хамгийн их сонирхдог зүйлсээ туршаад үзээрэй.
ӨӨРТ ТОХИРСОН ХОББИГ ОЛЪЁ
Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлээ олсны дараа түүнийгээ тогтмол үргэлжлүүлэн хийж, хобби болгохын өмнө хэд хэдэн асуудал тулгардаг. Өсвөр насныхны хувьд хэрэгтэй зүйлсээ худалдаж авах хангалттай мөнгө байхгүйн улмаас хоббигоо орхих нь бий. Энэ тохиолдолд бүх зүйлийг нарийн төлөвлөж, санхүүгээ зөв зарцуулах нь чухал.
Юун түрүүнд, өөрт тохирсон хоббигоо олохын тулд хэрэг болох зүйлсийг хамгийн чухлаас нь, тийм ч хэрэгцээтэй биш хүртэл нь жагсааж үзээрэй. Ингэснээр өөрийнхөө халаасны мөнгийг хэрхэн зарцуулж, жагсаалт дахь зүйлсээ хэдэн сарын хугацаанд худалдаж авах боломжтойгоо тооцож чадах юм. Худалдаж авахдаа жагсаалтын эхнээс нь буюу хамгийн чухал зүйлээсээ эхлэн бага багаар цуглуулаарай. Энэ талаар эрүүл мэндийн зөвлөгч, дасгалжуулагч Пам Пийк “Хэрвээ чамд гутал байхгүй бол, чи хэзээ ч гэрээсээ дасгал хийхээр гарахгүй шүү дээ” хэмээн хэлсэн байдаг.
ХЭРХЭН ЦАГ ГАРГАХ ВЭ?
Цагаа зөв төлөвлөхийн тулд өдрөөр биш долоо хоногоор нь бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд урьдаас төлөвлөсөн ажлуудаа жагсааж бичээд, дараа нь гэр цэвэрлэх, хичээл хийх, унтах зэрэг зайлшгүй хийх зүйлсдээ хэдэн цаг зарцуулахаа тооцоорой. Энэ бүх цагаа долоо хоногийн нийт цагаасаа хасаж, үлдсэн хугацаагаа ухаалгаар хуваарилахад л шинэхэн хоббиндоо зарцуулах хангалттай цаг бидэнд үлдэх болно.
Хэрвээ чөлөөт цагаа тооцохыг хүсвэл ЭНД дараарай.