Ө.Ган-Өлзий: Хүүхдийн хамгийн их хамгаалагдсан орчин бол гэр бүл байх ёстой.

 Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бид “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсон. Тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэж чадаж байна уу? 

-2017 онд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолоор жил бүрийн тавдугаар  сарын сүүлийн долоо хоногийн гурав дахь өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгож  хүүхдүүдийнхээ дуу хоолой, хүсэл сонирхлыг сонсдог болсон. 2017 онд хүүхдийн тоглоомын талбайн стандарт байхгүйгээс гэмтэх эрсдэл их байна гэсэн саналыг хэлж байсан.

Энэ хүрээнд 2019 онд тоглоомын талбайн стандарттай болж, үзлэг шалгалт хийж, засаж сайжруулах ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тавдугаар сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагуудтай дүүрэг бүрээс хүүхдийн элч нар,  хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.

-Цар тахал, хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. Танай байгууллагаас ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Манай байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх ажлыг дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай, хөл хориотой үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн.  Иймд бид Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй, зорилтот бүлгийн гэр бүлд хяналт тавих” ажлыг зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан боловч баривчлах байранд байрлаагүй зорилтод 254 гэр бүлийг хяналтад авах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, дахин хүчирхийлэл үйлдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төрөөс өгсөн тэтгэмжийг гэр бүлийн хэрэглээнд зөв зарцуулах чиглэлээр уриалга бүхий зурагт хуудас, онлайн шторкийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх, гудамж талбайд байршуулах ажлуудыг хийлээ.  

Гэр бүлийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь архинаас хамааралтай байгаа нь судалгаагаар харагдаж байгаа учраас “Архигүй хүчирхийлэлгүй, аз жаргалтай монгол гэр бүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүрэг бүрт архины хамааралтай иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжих бүлгийн үйлчилгээ болон шаардлагатай төрийн үйлчилгээнд холбон зуучлах ажлыг мэргэшсэн ТББ-уудтай  хамтран хэрэгжүүлж, 2500 иргэн, 600 гэр бүлийг хамруулсан. Одоо “Алдаж боломгүй амьдралын амт”, “Архигүй эрүүл гэр бүл” нэвтрүүлгүүдийг бэлтгэн цахим орчин болон ETV телевизээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. 

-Хөл хориотой үед түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдийн тусламжийн утсанд хандсан хүүхдийн тоо өссөн байсан. Энэ нь ямар шалтгаантай байв?

-Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж буй 13 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв бий. Эдгээр төвүүд сүүлийн хоёр  жилийн хугацаанд нийт 3674 иргэнд үйлчилгээг үзүүлсэн. Түр хамгаалах байр төрөлжөөгүй олон төрлийн асуудалтай хүүхдүүдийг нэг дор авч үйлчилгээ үзүүлж байгаа учраас  хүний нөөц, орчин, тоног төхөөрөмж, цалин урсгал зардал, үйлчилгээнд ашиглах машин зэрэг олон зүйл шаардлагатай байдаг.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхдийн тусламжийн утас 108-д ирж буй хамгаалал шаардлагатай хүүхдийн дуудлага 60 хувиар өссөн. Энэ нь цар тахлын үед хүүхдүүд боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй гэртээ, гэр бүл эцэг эхийн зүгээс бие махбод, сэтгэл санаа, үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаатай холбоотой байна. Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн 80 орчим хувь нь эцэг эх нь архины хамааралтай байна.

Тиймээс хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүдийн гэр бүлтэй ажиллахаас гадна 1140 гэр бүлд хүнсний тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Энэ илрүүлэлтийг бид улирал бүр цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс нь өмнө  илрүүлэн хамгаалалтад авч эрүүл мэнд, амь насыг нь хамгаалж байна. Нэгдүгээр улирлын илрүүлэлтээр 235 газраар явж 109 хүүхдийг илрүүлэн 24 хүүхдийг түр хамгаалах байранд хамаалалтад авч гурван хүүхдийг асрамж халамжийн төвд шилжүүлэн  18 эцэг эхэд  зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авсан. 2020 онтой харьцуулахад энэ төрлийн хэрэг зөрчил 16.6 хувиар буурсан.

-Хүүхэд хамгааллын зохистой тогтолцоог бүрдүүлэхэд албан байгууллага, айл өрх гээд олон талын оролцоо чухал байх. Танай байгууллагын зүгээс цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хүүхдийн хамгийн их цагийг өнгөрүүлдэг, хамгаалагдсан орчин бол гэр бүлийн орчин байх ёстой. Тухайн гэр бүлд зөрчил маргаан гарсан ч эерэгээр ярилцаж шийдвэрлэдэг байхад л маш том ахиц гарна. Тиймээс гэр бүлийн харилцаа, төлөвлөлт, угийн бичиг хөтлөх арга зүй, хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд зэрэг гэр бүлийн боловсрол олгох ажлуудыг цахимаар, танхимаар, хороо, дүүрэг аж ахуй нэгжүүдээр гэх мэтчилэн олон сувгаар эцэг эхчүүдэд хүргэж байна. 

Жишээ нь бид өнгөрсөн онд дээрх сэдвүүдийн хүрээнд 22 цуврал хичээлийг боловсруулан цахимаар олон нийтэд хүргэж ажилласан.  Энэ жил гэр бүлүүдийг насны ангилалд хуваан тэдэнд тохирсон хичээлүүдийг бэлтгэн хүргэж байна. Удахгүй манай байгууллагын цахим хуудсаар ахмад насны гэр бүлүүдэд зориулсан 10 цуврал хичээлийг олон нийтэд хүрэх болно. 

2018 онд Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-ийг 03 дугаар тогтоолоор баталсан. Энэ тогтоолын дагуу байгууллага аж ахуй нэгжүүдийг эцэг эхийн зөвлөлөө байгуулах арга зүйгээр хангах, тэднийг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулж,  нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус 156 байгууллага эцэг эхийн зөвлөлтэй болоод байна.

Энэ нь аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаа хүүхдийн эрхэд суурилсан байдлаар явуулах, ажилтан албан хаагчдынхаа гэр бүл тэдний үр хүүхдэд санаа тавьдаг байхад анхаарал хандуулдаг болох томоохон ач холбогдолтой юм. 

-Нийслэлийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүүхдийн тоо хэдэн мянгаар тоологдож байна. Эдгээр хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс эхлээд тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх гээд ажил их байсан байх?

-Ковидоор өвдсөн хүүхдүүдийн тоо 3500 гаруй, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн тоо 1800 гаруй байна гэсэн тоог эрүүл мэндийн байгууллагуудаас авч тэдэнтэй хамтран сэтгэл санааг дэмжих ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, COVID-19 өвчний  батлагдсан оноштой, тусгаарлагдсан, хөл хорионд орсон хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, урам зориг өгөх зорилгоор “НҮБ”-ын Хүүхдийн сантай хамтран нийт 1500 ширхэг ном, танин мэдэхүйн тоглоом, бичгийн хэрэгслээс бүрдсэн хөгжлийн багцыг хүүхдүүдэд эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хүргүүлсэн.

-Саяхан танай байгууллагаас “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулган”-ыг зохион байгуулсан. Ямар асуудлыг хэлэлцэв, бодлого шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлс юу байв?

-Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сард “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ өдрийг угтан дүүрэг бүрт хүүхдийн чуулганыг цахимаар зохион байгуулсан.

Уг чуулганаас гарсан санал санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.

Уулзалтын үеэр хүүхдүүд маань санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, есөн дүүргийн хүүхдийн элч нараас энэ өдөр хүүхдээ сонсдог. Мөн хариулдаг өдөртэй болох саналыг тавьсан. Бид энэ саналыг хүлээн авч сонссон бол хариулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.6.140)