"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2021" цахим үзэсгэлэн нээгдлээ
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар зохион байгуулж байна.
1997 оноос хойш зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэнд гадаадын 10 орны 564 ААН оролцож байсан бөгөөд энэ удаа тус үзэсгэлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнг ХААН банк ивээн тэтгэн оролцож байна.
6 дугаар сарын 30-ныг дуустал www.trademongolia.mn цахим хуудсаар олон нийтэд хүрэх үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хот болон 11 аймаг, орон нутгийн 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид өөрсдийн 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нэгдэж, хямралын эсрэг хамгийн хямд үнийг санал болгож байна.
Үзэсгэлэнгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс шилдгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж, олон нийтэд зарлах юм.