Яагаад халууны улиралд нозоорч, залхуу хүрдэг вэ?
Зуны налгар өдрүүд ирж, гадаа дулааны хэм өндөрт хүрч байна. Ихэнх хүмүүс энэ үеэр нозоорох, эрч хүчгүй болох, ажлаа хийхээс залхуурах зэрэг асуудлуудтай тулгардаг билээ. Нойроо сайн авч, шим тэжээлтэй эрүүл хоол хүнс түлхүү хэрэглэсэн ч нойрмоглоод байх үе байдаг бөгөөд энэ нь өөр хүчин зүйлсээс шалтгаалдаг байна. Тэгвэл бид яг ямар шалтгаанаар халууны улиралд эрч хүчгүй болоод байна вэ?
Шингэний дутагдалд орох
Бүгчим халуун орчинд хүний бие их хэмжээний хөлс ялгаруулдаг бөгөөд энэ нь биед хуримтлагдсан шингэн болон хэрэгтэй элементүүдийг гадагшлуулдаг байна. Иймээс шингэний дутагдалд орох нь таныг удаан хөдөлгөөнтэй болгож, ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болгодог юм. Товчхондоо, нойрмоглох нь та залхуу болсон гэсэн үг биш харин таны бие организм тань туйлдаж, ядаргаанд орсон гэдгийг илтгэж байна.
Дашрамд хэлэхэд, шингэний дутагдалд орохоор цусны хэмжээ буурдаг бөгөөд цус өтгөрч эхэлдэг байна. Энэ үед цусыг судсаар гүйлгэхийн тулд зүрх маань илүү их хүчин чармайлт гаргадаг тул бие хурдан ядаргаанд ордог билээ.
Даралт буурах
Ихэнх хүмүүсийн даралт халуунд буурах нь хэвийн үзэгдэл билээ. Гэхдээ даралт буурсан үед хүчилтөрөгч бидний тархинд бага хэмжээгээр очдог байна. Бие организм маань мөн энэ тохиолдолд илүү их хүчин чадал зарцуулан ажиллах ёстой болдог тул бид хурдан доройтож, сульддаг юм. Ялангуяа бие нь мэдрэмтгий хүмүүсийн хувьд халуун цаг агаарт хүчилтөрөгчийн дутагдлаас болж толгой нь өвдөж, бага зэрэг эргэдэг тохиолдол бий. Хэрэв бие тань эвгүйрхэж, өвдөх юм бол заавал эмчид хандаарай.
Цаг агаарын тогтворгүй байдал нөлөөлөх
Манай орны цаг агаар байнга л өөрчлөгдөж, хүйтэн салхитай сэрүүн өдрийн маргааш нь нар шарсан өдрүүд тохиох нь цөөнгүй билээ. Мөн бүгчим халуун гудамжаар алхаж байгаад хүйтнээр үлээсэн агааржуулагчтай байшин руу ороход бидний биеийн дулаан алдагддаг байна. Энэ нь хүнийг ядруулж, нозооруулахад хүргэдэг юм.
Дулаанд тав тухтай байх
Энэхүү хүчин зүйлийн хамгийн тохиромжтой жишээ бол наранд унтах дуртай муур юм. Бид яг л түүнтэй адил дулаахан, сайхан орчинд тайвширч, нозоордог байна. Үүний тулд дулаан хөнжил ч хэрэггүй бөгөөд зөвхөн тав тухтай орчин бүрдүүлэхэд л болох юм.
Илчлэг дутагдах
Биеийн хэм дээшлэх тусам юм идэх дур багасч тэжээллэг хоол хүнс хүлээж авч чадахгүй байх нөхцөл ихээхэн үүсдэг. Бид зуны улиралд ихэнхдээ жимс жимсгэнэ, хөнгөн салат, зуушаар хэрэгцээгээ хангадаг бөгөөд энэ нь өдрийн авах хэрэгтэй илчлэгийн хэмжээнд хүрдэггүй тул жингээ хаяж эхэлдэг байна. Тийм учраас бие организм маань бас л хурдан ядарч эхэлнэ. Учир нь илчлэг бидэнд эрч хүч өгч, тухайн өдрийг даван туулахад тусалдаг билээ.
Хөдөлгөөн ихдэх
Хүйтэн өвлийн улиралд хүмүүс гэрээсээ аль болох цухуйдаггүй тул хөдөлгөөн багатай байдаг. Харин зуны сайхан улиралд агаар амьсгалж, гадуур зугаалах хүсэл илүү төрж үүнийгээ дагаад илүү идэвхтэй болдог билээ. Хөдөлгөөн ихэссэнээр бидний бие улам ядарч, сульддаг нь аргагүй юм.
Наранд удаан байх
Зуны улиралд нар жаргах цаг хойшилж, бид ихэнх мөчүүдийг наран доор өнгөрөөдөг билээ. Мэдээжийн хэрэг дулаахан бөгөөд гэгээтэй үед сэтгэл санааны ч байдал дээрдэж, Д витаминаа авах нь сайхан байдаг. Гэсэн хэдий ч, хурц нарны гэрэлд удаан байх нь сэргэлэн цовоо байдлыг алдагдуулж, нозооруулах үр дагавартай байна.
Тэгэхээр хэрхэн халуунд нойрмоглохгүй байх вэ?
- Үнэхээр нойр тань хүрч, ямар ч эрч хүчгүй болсон бол 20-30 минут дуг хийгээд авсан нь дээр юм шүү. Ингэснээр таны тархи амарч, хийх ёстой ажлуудаа үргэлжлүүлэн хийх эрч хүчтэй болно.
- Шингэний алдагдлаа нөхөж, ус сайн ууж хэвшээрэй. Тодруулбал, цэвэр ус уух нь бусад цай, кофе, жүүс ууснаас илүү биеийг тань сэргээж, эрүүл мэндэд тустай байх болно. Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа нь нүүрс усаар баялаг тул хөлс ялгаруулахад нөлөөлдөг байна. Харин дээр дурдсанаар хөлс их хэмжээгээр ялгарах нь таныг улам ядраадаг билээ. Дашрамд сануулахад, халуун ногоотой хоол хүнс нь мөн л ижилхэн үр дагаварт хүргэдэг юм шүү.
- Хүний хөлс ялгарах үед биед хэрэгтэй давс болон бусад микроэлементууд гадагшилдаг байна. Тийм учраас давс агуулагдсан хоол хүнсийг шаардлагатай үед хэрэглэж байгаарай. Мөн давстай бүтээгдэхүүн натри агуулдаг тул даралтыг хэвийн болгодог. Харин хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд өдөрт тал цайны халбага давс байхад болно хэмээн эмч нар зөвлөсөн байдаг.
- Зөвхөн халуунд төдийгүй бүтэн жилийн турш мөрдөх хэрэгтэй гол зөвлөгөө бол тав тухтай унтах орчныг бүрдүүлэх юм. Учир нь нойроо бүрэн бүтэн авах нь дараагийн өдрийн биеийн байдалд маш ихээр нөлөөлдөг байна. Түүнчлэн унтахаасаа өмнө хүнд хоол идэхгүй, архи уухгүй байх нь дээр юм. Эс тэгвээс бие тань тэдгээрийг шингээхийн тулд амарч чадахгүй билээ. Унтлагын өрөө тань аль болох харанхуй, бага зэрэг сэрүүн байх нь таныг сайн амрааж чадах юм.