Туркт шинэ сувгийн барилгын ажлыг эхлүүлжээ

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбох хоёр дахь Босфорын хоолой буюу Истанбулын сувгийн барилгын ажлыг бямба гарагт эхлүүллээ.

Эрдоганы хэлснээр, уг төслийн өртөг 15 тэрбум ам.доллар бөгөөд Турк улс энэ сувгийг зургаан жилийн дотор барина.

Эхний ээлжинд шинэ сувгийн дээгүүрх гүүрүүдийг барина. Нийт зургаан гүүр тавихаар төлөвлөжээ.

“Өнөөдөр бид 45 км урт, 400 метр хүртэл өргөн, 25 метр хүртэл гүнтэй Истанбулын суваг дээгүүр барих анхны гүүрийн шавыг тавьж, Туркийн хөгжлийн шинэ хуудсыг нээж байна. Энэхүү суваг Турк, Истанбул, бид бүгдэд ашиг тусаа өгөөсэй гэж хүсэж байна" гэж Туркийн удирдагч шав тавих ёслолын үеэр хэлжээ.

"Хэрэв 1930-аад онд Босфорын хоолойгоор дунджаар 3 мянган хөлөг онгоц дамжин өнгөрч байсан бол өнөөдөр энэ тоо 45 мянгад хүрчээ. Тэгвэл 2050 онд 78 мянга гаруй хөлөг онгоц дамжин өнгөрнө гэдгийг урьдчилсан таамаглал харуулж байна" гэж Эрдоган энэхүү сувгийг яагаад барих шийдвэр гаргасныг тайлбарлахдаа онцлон тэмдэглэжээ.

Эрдоганы шавыг нь тавьсан анхны гүүр 440 метр өргөн, 1618 метр урт байх бол гүүрийн тулгуур баганын өндөр 196 метр байх аж. Гүүрэн дээр хоёр урсгалтай, найман эгнээ хурдны зам тавих бөгөөд урсгал бүр дөрвөн эгнээтэй байх юм.

Истанбулын гэж нэрлэж буй суваг нь Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том, хамгийн амбицтай төсөл болно гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

Гэсэн хэдий ч шинэ суваг ашиглалтад орсны дараа Туркийн Босфор, Дарданеллийн хоолойн статусын тухай Монтрегийн конвенцын заалт дагаж мөрдөгдөхгүй, хөлөг онгоцны дамжин өнгөрөх хөдөлгөөн Туркийн талын хяналтад бүрэн орж  магадгүй гэж уг төслийг шүүмжлэгчид мэдэгджээ.

Эх сурвалж:ИСТАНБУЛ. /Anadolu/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)