АНУ-ын Ерөнхийлөгч Токиогийн Олимпын үеэр Японд айлчлах төлөвлөгөөгүй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Токиогийн зуны Олимпын наадмын үеэр Японд айлчлах төлөвлөгөөгүй байна гэж “Yomiuri” сонинд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, АНУ-ын Ерөнхийлөгчийн оронд түүний гэргий Жилл Байден Японд хүрэлцэн очиж, наадмын нээлтийн ёслолд оролцож, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж магадгүй байна. Тэргүүн хатагтайнхаа айлчлалаар Америкийн эрх баригчид Токио Вашингтоны хувьд чухал гэдгийг харуулахыг зорьж байна гэж сонинд онцолжээ.
Америкийн Ерөнхийлөгчийн гэргий хамгийн сүүлд 2012 оны Олимпод оролцсон бөгөөд АНУ-ын тухайн үеийн тэргүүн хатагтай Мишель Обама Лондоны Олимпын нээлтийн ёслолд оролцсон юм.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.
Эх сурвалж: ТОКИО. /TASS/