Хувьцаагаар ажилтнуудаа урамшуулах хөтөлбөрийг "Говь" ХК эхлүүллээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй  "Говь" ХК 1500 ажилтнаа хувьцаагаар урамшуулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан арилжааны цан цохих ёслолын үйл ажиллагаа Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. 

Энд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, "Говь" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа, "Таван богд капитал" ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нар оролцож, Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6502 дахь арилжааг эхлүүллээ. 

Энэ үеэр "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан хэлэхдээ, 2007 онд хувьчлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 148 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, борлуулалтын орлогыг 11 дахин, хувьцааны ханшийг 13 дахин өсгөсөн байна. Өнөөдөр цар тахалтай холбоотойгоор компани, хувь хүн бүрийн өмнө багагүй бэрхшээл тулгамдаж байгаа ч "Говь" ХК-ийнхан бид энэ бүхнийг үл харгалзан дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаа улам тэлж байгаагаас гадна орон нутгийн хөгжилд өөрийн оролцоог нэмэгдүүлэх томоохон зорилгын дор Төв аймагт үйлдвэр цогцлоох төсөл хэрэгжүүлж байгааг онцлон дурдсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 800,900 ширхэг хувьцааг ажилтнуудын нэр дээрх дансанд худалдан авч байршуулах бөгөөд тусгайлан баталсан журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу захиран зарцуулах үйл ажиллагааг зохицуулсан байна.

"Говь" ХК нь 1981 онд байгуулагдсан, ямааны ноосыг технологийн өндөр түвшинд боловсруулж дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч брэнд төдийгүй Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн багцад багтдаг, үйл ажиллагаа, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудын нэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.100)