Малын хөлийн татварыг 15-наас авч эхэлнэ

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирусний халдварын цар тахалтай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэхийг хагас жил хойшлуулаад байсныг энэ сарын 15-наас авч эхлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тодруулбал, коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 4-ний хуралдаанаар өнөөдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, аймаг, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгоод байсан юм. 

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Нэг ёсондоо нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ 2 мянган төгрөг хүртэл байхаар тогтоосон юм. 

Татварын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдэхэд зарцуулж байхаар хуульд тусгасан юм. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д  малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосон юм.  

 

Мөн Гамшгийн тухай хуульд заасны дагуу мал нь хорогдсон малчин нотлох баримт гарган татвар ногдуулах малын тооноос хасуулаад явахаар зохицуулжээ. Тухайн аймаг, орон нутгийн цаг агаар, нутаг орны нөхцөл байдлаас хамааран ямар малыг цааш нь үржүүлж хөгжүүлэхийг судалгаа, малчдын олон жилийн мал маллагааны арга туршлага дээр үндэслэн тогтоож байхаар болсныг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тодотгож байна. 

Малчид татвараа төлөхдөө малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр ирүүлсэн дүнг бүртгэлийн сангаас авч, тухайн сумын ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ, итгэлцүүрийн дагуу ногдуулалтыг системээр тооцоод явах юм. Үүний дагуу татварын нэхэмжлэл нь малчин иргэний И-баримтад ирнэ. Татварын тайланг малчид И-баримт аппликейшнаар мэдээллийг шалган баталгаажуулах байдлаар гаргана. Мөн аппликейшнд ирсэн нэхэмжлэлийн дагуу татвараа цахимаар төлөх боломжтой аж.  

Манай улсад жилд дунджаар 70 сая мал бэлчээр ус ашиглаж байна. Үүнийг дундаж байдлаар тооцоход Малын хөлийн татвар 70 гаруй тэрбум төгрөг төвлөрөх юм. Үүний өмнө малын тоо толгойг гаргахдаа хонины толгойгоор тооцдог байсан бол энэ удаагийн хуулиар малын үүлдэр угсаа тус бүрээр тооцож буй юм. 

Малчид малын гаралтай түүхий эд борлуулах үедээ заавал төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Татварын албанаас малчид иргэдийг татвар төлөгчөөр бүртгэн QR коджуулах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ иргэний үнэмлэхний арын QR кодыг татвар төлөгчийн QR код болгон ашиглаж байна. Тиймээс иргэд цахим төлбөрийн QRbarimt-ыг үүсгэн, малчид баталгаажуулах байдлаар төлбөрийн баримтыг үүсгэнэ. 

Дэд бүтэц, интернет сүлжээний хүрэлцээгүй байдлаас хамаарч цахим төлбөрийн баримтыг тэр бүр баталгаажуулж чадахгүй тохиолдолд татварын албанаас худалдан авагч ААН-ийн төлбөрийн баримтыг үүсгэн, малчны дансанд мөнгө нь орсон тохиолдолд автоматаар баталгаажуулах системийн хөгжүүлэлтийг хийж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.27.56)