Монгол Улс шуудангийн нэгдсэн кодтой боллоо
Засгийн газрын “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд шуудангийн нэгдсэн кодтой боллоо.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орны хэмжээнд нэгдмэл кодчиллыг бий болгох юм. Улмаар мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх юм. Мөн бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлээд байна. Шуудангийн тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан бүсчлэлийн код буюу зип кодыг шуудангийн нэгдсэн код гэж нэрлэсэн юм.
Шуудангийн ялгалтын ажиллагаанд мөн кодын технологи нэвтэрч буй учраас шуудангийн илгээмжийг цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Мөн Онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгоно. Түүнчилэн иргэд иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх боломжтой.
Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын орон зайн мэдээллийн санд өнгөрсөн онд нийт 20 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноожээ. Иргэд, хуулийн этгээдэд өөрийн оршин байгаа шуудангийн 5 болон 9 оронтой нэгдсэн кодын талаарх мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.