Норвегид хөл хориог цуцлах хугацааг хойшлуулжээ
Норвегид тогтоосон хөл хориог цуцлах эцсийн үе шатыг дор хаяж долоодугаар сарын эцэс хүртэл хойшлуулахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Эрны Солберг мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, коронавирусний “Delta” хувилбар вакцин хийлгээгүй хүн амын дунд, мөн нэг тун вакцин хийлгэсэн эсвэл эмзэг бүлэгт багтдаг хүмүүсийн дунд халдварын дөрөв дэх давлагааг эхлүүлэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Хязгаарлалтын арга хэмжээг цуцлах дөрөв дэх үе шат нь Норвегийн Засгийн газрын хөл хориог цуцлах төлөвлөгөөний эцсийн үе шат болох ёстой байв.
Гэсэн хэдий ч Норвегийн Засгийн газар энэ долоо хоногт зарим хязгаарлалтыг цуцална гэдгийг Эрны Солберг мэдэгдсэн байна. Тодруулбал, долоодугаар сарын 8-наас эхлэн олон нийтийн арга хэмжээнд хамрагдах хүмүүсийн тоог 5000-аас 7000 болгон нэмэгдүүлнэ. Ингэхдээ вакцины гэрчилгээг шалгана. Түүнчлэн шөнийн 00 цагаас хойш гэртээ зочин хүлээн авахыг зөвшөөрчээ.
“Дельта” хувилбар энэ сард Норвегид зонхилох хувилбар болж магадгүй гэж тус улсын Эрүүл мэндийн яам үзэж байна.
Норвегийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлснээр, тус улсын насанд хүрсэн амын гуравны хоёр нь вакцины эхний тунг тариулсан бол 37 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.
Эх сурвалж: ОСЛО. /AP/