Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолыг жирийн үзэгчидгүйгээр зохион байгуулна
Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид наадмын нээлт, хаалтын ёслолд жирийн үзэгчдийг оруулахгүй байхаар төлөвлөж байна гэж “The Asahi” сонин мэдээлжээ.
Энэ асуудал одоогоор эцэслэн батлагдах шатандаа байгааг тус сонинд онцолсон байна. Харин Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) болон гадаадын төлөөлөгчид наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох боломжтой бөгөөд ийм үзэгчдийн тоо 10 мянга болно гэж тооцоолж байсан ч зохион байгуулагчид тэдний тоог багасгахаар төлөвлөж байгаа аж. Үзэгчидтэй холбоотой шийдвэрийг энэ сарын 8-нд товлогдсон, зохион байгуулагчдын таван талт уулзалтын дараа албан ёсоор танилцуулах төлөвтэй байна.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Зуны Олимпын наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм. Харин зургаадугаар сарын 21-нд дотоодын үзэгчдийн тоог 10 мянган хүнээр хязгаарлаж, тэмцээний үеэр спортын байгууламжуудын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ.
Эх сурвалж: ТОКИО. /The Asahi/