Цэргүүд хилийн зөрчлийг илрүүлжээ
Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Наранбулаг сумын харъяат, түрүүч А.Учрал, Өндөрхангай сумын харъяат, байлдагч Б.Гантогтох нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, энэ сарын 6-ны өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг илрүүлжээ.
Хилчин хүний ур чадвар, эр зориг авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дээрх албан хаагчдад Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2019 оны 2-р сарын 12-ны өдрийн 26 дугаар тушаалаар, түрүүч А.Учралд ахлах түрүүч, байлдагч Б.Гантогтоход дэд түрүүч цол олгожээ.
Хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг биелүүлж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай албанд зүтгэж буй хугацаат цэргийн алба хаагчдадаа Увс аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас талархал хүргүүлээд байна.