Хаа ч явсан нойр хүрч, сав л хийвэл унтмаар санагдаад байна уу? тэгвэл таньд хэрэгтэй зөвөлгөөг хүргэж байна

Бидэнд унтах л биш бол юуг ч хийхээс буцахгүй байсан үе бий. Харин одоо хаа ч явсан нойр хүрч, сав л хийвэл унтмаар санагддаг болсон уу? Тэгвэл унтмаар санагдсан үедээ хэдхэн минут унтаад авахад л өдрийн үлдсэн хэсгийг хангалттай эрч хүчээр дүүрэн өнгөрөөдөг шүү дээ. Гэвч яг хэдэн минут унтахаас л таны сэргэг байдалтай сэрэх үү, нойрмог байдалтай сэрэх үү гэдэг нь шалтгаалдаг байна. 

"Өдрийн 13-16 цагийн хооронд дугхийх нь хамгийн үр дүнтэй байдаг."

Өдрийн нойрыг ерөнхийд нь 3 ангилна. Үүнд: 

1. ТӨЛӨВЛӨЖ УНТАХ

Хүмүүс яг тухайн үедээ ядарч сульдаагүй ч эрч хүчээ хадгалахын тулд түрхэн зуур дугхийдэг шүү дээ. Үүнийг төлөвлөсөн нойр гэж нэрлэдэг. Тухайлбал шөнөжин хичээлээ хийх шаардлага гарвал яг тухайн үедээ нойрмоглож ядраагүй байсан ч унтаад авсан дээр гэсэн үг. 

2. ШУУД УНТАХ


Нүд чинь юу юугүй анилдаад л ирвэл энэ нь яаралтай нойроо авах шаардлагатайн дохио юм. Жолоо барьж байхад нойр чинь хүрж, нүд чинь анилдаж эхэлбэл машинаа зогсоолд тавиад түр зуур дугхийгээд аваарай. Автобусанд байхад нүд чинь анилдвал хажууд сууж байгаа хүндээ буух буудлаа захиад түр дугхийж болно шүү дээ. 

3. ТОГТМОЛ УНТАХ


Бага насны хүүхэд өдрийн цагаар заавал 1 удаа унтдаг учир энэ төрлийн дуг хийлт нь хүүхдүүдийн дунд түгээмэл байна. Бидний хувьд хааяа жаал нүдний хороо гаргаад, сэргэг мэдрэмж авмаар санагдаад унтах гээд хэвтэхэд унтаж чаддаггүй үе байдаг шүү дээ. Тэгвэл та өдөр бүр 13 цагт унтаад сурчихвал 12:40, 50 болоод ирэхэд бие тань автоматаар л нойроо "нэхээд" унана гэсэн үг. 

Харин та яг хэр хугацаанд дугхийхээс шалтгаалж таны биед өөр өөр нөлөө үзүүлнэ.

ЭРЧ ХҮЧЭЭ СЭЛБЭХ: 10-20 МИНУТ

Та өдрийн туршид завгүй, олон ажил амжуулах шаардлагатай тохиолдолд 10-20 минут нүдний хороо гаргаснаар ядаргаа тайлагдаж, дараагийн хэдэн цагийн туршид анхаарал төвлөрөлт тань хэвийн байх болно. Үндэсний нойрны сангаас хийсэн судалгаагаар хүн өдрийн цагаар 20 минут дуг хийхэд л тухайн хүний ажлын бүтээмж, сэтгэл санааны байдал огцом сайжирдаг байна. 

УЛАМ НОЙРМОГЛОНО: 30 МИНУТ

30 минут дуг хийх нь 10 минут хэчнээн чухал вэ гэдгийн тод жишээ юм. 20 минут нүдний хороо гаргахад ажлын бүтээмж болон сэтгэл санааны байдал эрс сайжирдаг бол 30 минутын турш дуг хийхэд "нойрны шарталт"-д орох буюу огтхон ч сэргэсэн мэдрэмж авдаггүй. Тиймээс та сэргэг мэдрэмж авахаар төлөвлөж байгаа бол 10-20 минут унтахад л болно. 

НҮД АНИАТАЙ Ч ТАРХИ АЖИЛЛАНА : 60 МИНУТ

Судалгаагаар өдрийн цагаар 40 минутын хугацаанд дугхийх нь богино хугацааны ой тогтоолтыг сайжруулдаг байна. Судалгаанд оролцсон хүмүүст хэдэн хэсэг карт харуулж, 40 минутын хугацаанд унтуулж, сэрснийх нь дараа тухайн картуудыг санаж байгаа эсэхийг нь шалгахад судалгаанд оролцсон хүмүүсийн 85% нь картуудыг сайтар санаж байлаа. Харин унтаагүй бүлэг хүмүүс картуудыг 60%-тай санаж байв. 

Та 60 минутын хугацаанд унтахад бие тань гүн нойрын төлөвт шилждэг тул 60 минут унтаад сэрэхэд үл ялиг нойрмог байдалтай сэрнэ гэсэн үг. Гэвч хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг тул та 10-20, 30, 60 зэрэг хугацаагаар дугхийж, яг хэдэн минутын хугацаагаар дугхийх нь таныг сэргэг болгож, хэдэн минутын хугацаагаар дугхийх нь таныг нойрмог болгож байгааг туршиж үзэх хэрэгтэй.  

"ЧАНАРТАЙ" УНТАХ: 90 МИНУТ

Өдрийн цагаар 90 минутын турш дугхийх нь шөнө 8 цаг унтсантай ижил үр дүн өгдөг гэдгийг НАСА-гаас ч баталсан байдаг. Нойрны цикл ерөнхийдөө 90 минут үргэлжилдэг тул та хангалттай сайн амарч чаддаг гэсэн үг. 

Тиймээс 90 минутын турш унтах нь ямар нэгэн зүйлийг шинээр сурахад тустай. Жишээлбэл та хөгжмийн зэмсэг тоглож сурах, хэл сурах, шинэ тоног төхөөрөмжтэй харьцаж эхлэх зэрэг тохиолдолд шинэ зүйлээ туршиж үзсэнийхээ дараа 90 минут унтаад үзээрэй. Сэрээд та гайхалтай үр дүнг мэдрэх болно. 

Шөнийн нойрыг юугаар ч орлуулах боломжгүй. Мөн 16 цагаас хойш дугхийх нь хангалттай үр дүнд хүргэхгүй. Мөн түр зуур нүдний хороо гаргах гэж байгаа тохиолдолд өөрийн унтдаг орноосоо өөр газар унтахыг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ. 

news24.mn сайтын хамт олны зүгээс та бүхэндээ шөнийн нойроо бүтэн авж, муу зуршлаасаа татгалзаж, цагаа зөв төлөвлөхийг зөвлөж байна. 

Эх сурвалж : www.brightside.me

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.185.194)