Д.Цэнд-Аюуш: 'КFC'-гийн ажилчдын тээж байсан нянгаас хордлого үүссэн байхыг үгүйсгэхгүй

“KFC” Зайсан дахь салбарт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ “KFC” Зайсан дахь салбараар 8,9,10 өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д  эмчилж байгааг тус байгууллагаас энэ сарын 12-нд мэдээлсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр тус салбарт Хан-Уулын байцаагч нар томилогдож ажилласан. Ажиллах хугацаанд тоног төхөөрөмжөөс арчдас, хоолны дээж, ундны усны дээж авч шинжлүүлсэн  байна. Мөн “KFC” Зайсан дахь салбарт ажилладаг 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээг авсан. Уг шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс  өгөөгүй байна.

Уг зөрчил дээр зөрчлийн хэрэг нээж, прокурорын зөвшөөөрлөөр тухайн газрын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрөөс түр зогсоосон.  Үүнээс гадна “KFC” Зайсан дахь салбарын ажилтнуудад шинжилгээ хийсэн эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийж, хордлого юунаас болсныг нарийн шалгаж байгаа. Тухайн хордлого юунаас болсныг тогтоогүй байгаа учраас бусад салбарыг шалгахгүй байгаа. Бусад салбарыг шалгах хуулийн заалт ч байхгүй.

Бүтээгдэхүүнээс болсон юм уу, юунаас болсон нь тодорхойгүй байна. Мөн тухайн ажилчдаас болохыг үгүйсгэхгүй.  Ажилчдаас хэн нэг нь  ямар нэг өвчний нян тээгч байснаас болсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэглэж байсан уснаас болсон уу, бусад тоног төхөөрөмжөөс нь болсон уу гэдгийг шалгаж тогтоохгүйгээр бусад газрыг шалгах үндэс байхгүй. Эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас бид бусад салбарт шалгалт хийхгүй байгаа. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 18-нд гарна” гэв.

Монгол дахь “KFC” түргэн хоолны газар нь үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог юм байна.

Мөн нийслэлийн шуурхай удирдлагын утсанд энэ сарын 14-нд “KFC” Home plaza-гийн салбараар үйлчлүүлсэн иргэн 2-3 хоног халуурч гүйлгэсэн гэсэн гомдол иржээ. Гомдлын мөрөөр Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс “KFC” Home plaza дахь салбарт шалгалт хийж, гомдол өгсөн хүний худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид шинжлүүлж байгаа аж. Энэ асуудал дээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.17)