Billie Eilish “Гластонбери” наадмын хамгийн ЗАЛУУ “headliner”-аар тодорлоо
Анх 2015 онд дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш Grammy, AMA, MTV, Billboard тэргүүтэй олон шагнал гардуулах ёслол, хөгжмийн чартуудыг тэргүүлж рекорд тогтоогоод байсан залуу уран бүтээлч Billie Eilish түүхийн хуудаснаа дахин нэг удаа бичигдэхээр болжээ.
Тэртээ 1970 оноос хойш зохион байгуулагдаж буй “Гластонбери” хөгжмийн фестиваль нь Их Британийн соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй Summerfest, Coachella зэрэг фестивалиудын эгнээнд бичигдэхээр том хэмжээний наадам юм. Жил бүр 200,000 гаруй үзэгч хүлээн авдаг уг фестиваль 2020 болон 2021 онд “COVID-19” цар тахлын улмаас хойшлогдсон билээ.
Харин одоогийн байдлаар тус наадам ирэх жилийн зургадугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байгаа бөгөөд дуучин Billie Eilish тус наадмын хамгийн залуу “headliner” буюу гол зочин уран бүтээлчээр тодорсон байна.
Тэрээр 2019 онд “Гластонбери” фестивалийн тайзнаа анх гарч байсан ба “When We All Fall Asleep, Where Do We Go?” цомгийнхоо уран бүтээлүүдээс толилуулж байжээ.
Эх сурвалж: CNN