А.Амбасэлмаа: 'KFC'-ээр үйлчлүүлсэн иргэдэд нянгийн бохирдолтой эмнэлзүйн шинж илэрсэн

“KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлж, хордлогод орсон гэх иргэд хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг буюу ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааний албаны дарга А.Амбасэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.  

-“KFC” салбараар үйлчлүүлж, хордсон гэх хүмүүс танай эмнэлгээр эмчлүүлж байгаа. Ямар шинж тэмдэгтэйгээр хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм бэ?

-Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 37 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 12-оос KFC-д хоол идээд халуурч, бөөлжиж байна гэсэн хордлогын шинж илэрсэн хүмүүс ирсэн. Хамгийн түрүүнд нэг гэр бүлийн таван хүн ирээд хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараагаар бид мэдээллийг авч, KFC-ийн салбаруудад хоол идсэн хүмүүсийг судалсан.

-Одоо хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Хордлого нь хүндэрсэн хүн бий юу?

-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал харьцангуй гайгүй. Эмчилгээ авч, биеийн байдал сайжирч байна. Их хүнд хүн ирж хэвтээгүй. Ерөнхийдөө л хордлогын шинж буюу бөөлжиж, суулгаж, халуурч, толгой нь өвдсөн, бие нь сульдсан байдалтай хүмүүс ирж хэвтэж байна.

-Ямар хүнсний бүтээгдэхүүн идсэн тохиолдолд хүний гэдэс дотор хямарч, хордлогод ордог юм бэ?

-Хүний биед ямар нэгэн нян орсон учраас л өвдөж байгаа гэсэн үг. Тухайн хүний хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн нь нян, химийн бодисоор эсвэл бохирдсон бүтээгдэхүүн идсэнээс болж хоолны хордлого гардаг. Манай ХӨСҮТ-д ирж байгаа эдгээр хүмүүс нянгийн бохирдолтой хоол идэснээс л өвдөж байгаа гэсэн үг. Нян бохирдолтой бүтээгдэхүүн ямар хүнсэнд нь байсан бэ гэдэгт мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээ хийж тогтооно. Манай эмнэлэг зөвхөн өвчтнөө эмчлэх ажлыг хариуцдаг.

-KFC-ээр үйлчлүүлсэн иргэд хордлогод орсон гэх асуудалтай холбоотойгоор танай эмнэлэг нарийн шинжилгээ, тандалт судалгаа хийж байгаа гэсэн. Судалгааны хариу хэзээ эцэслэн гарах вэ?

-Өдөр болгон нэмж ирээд байгаа учраас тандалт судалгааны ажил дуусаагүй байна. Нянгаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш нууц үеийн хугацаа гэж байдаг. Энэ нь 24 цагаар, зарим  нь 2-3 хоног, 7-8 хоногийн дараа илэрдэг учраас хордлогод орсон хүмүүс цуварч ирж байна. Үүнээс гадна хордогод орсон хүмүүс эмнэлэгт хандахгүй байсаар байгаад хүндрүүлсэн хүмүүс ирж байна. Ер нь хүнсний бүтээгдэхүүний бохирдолтой холбоотойгоор эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас хоолны хамааралтай халдвар байна гэсэн онош тавьж эмчилж байна.

-Нянгаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд наад зах нь хордлогод ордог юм байна. Цаашлаад ямар нэг өвчний эх суурь болж болох уу?

-Хүнд халдварлаж байгаа нян нь ямар нян бэ гэдгээс хамаарна. Тухайлбалг гэдэсний, цусны суулгын нян, салмонел зэргээс аль вэ гэдгийг судалж тогтоох юм. Нян тус бүр өөр өөр онцлогтой бөгөөд илрэх эмнэлзүй шинж нь өөр байдаг. Нянгийн халдвар авч, эмчүүлээд эдгэрсэн хүн гурван сарын дараа нян гараагүй бол эмнэлгээс гарна. Эмнэлгээс гараад гурван сарын хугацаанд эмчийн хяналтад байна. Ингэхдээ сар бүр нян судлалын шинжилгээ хийлгэнэ. Харин эмчид үзүүлэхгүй, өөрсдөө дур эмчлэх гэж үзвэл эрүүл нян тээгч болох эрсдэлтэй.

Үүнээс гадна химийн бодистой холбоотой хордлого өмнө гарч байсан. Химийн бодисоор бохирлогдсон бүтээгдэхүүн хэрэглэвэл бохирдол нь хүний цуллаг эрхтэнд нь хуримтлагдах, тухайн хүний мэдрэлд нөлөөлж болох бөгөөд нянгийн хордлогоос ч аюултай. Тэгэхээр хими, нянгийн бохирдолгүй хүнс хэрэглэх нь чухал.

-Бага насны хүүхэд нянгаар бохирлогдсон хүнснээс болж хордлогод орвол тохиолдох эрсдэл нь хэр өндөр байдаг вэ?

-Хүүхэд халдварт өвчинд их мэдрэг байдаг. Бага насны хүүхдийн дархлаа сул байдаг учраас өвчин нь арай хүнд тохиолддог юм. Хүүхэд хөнгөн хэлбэрээр хордлогод орвол үзүүлэхгүй байж болохгүй.

-Хордлогын ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах ёстой вэ?      

-Олон удаа бөөлжих, суулгах, ходоод гэдэс нь хямрах, тархи толгой нь өвдөх зэрэг хордлогын шинж илэрвэл эмчид хандах ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.192)