Иракийн хотуудад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал болжээ
Парламентын сонгуулийг будлиантуулсан явдлыг эсэргүүцсэн жагсаал Иракийн хэд хэдэн хотод ням гарагт боллоо.
Жагсаал Иракийн нийслэл Багдад хот, тус улсын өмнөд нутагт орших Басра, мөн Эн-Насирия, Мосул, хойд нутгийн Талль-Афар хотуудад болсон байна. Бүх хотод жагсагчид хурдны замыг хааж, дугуй шатаажээ. Иракийн нийслэл хотын төвд хэдэн зуун хүн цуглаж, жагсагчидтай мөн Сонгуулийн хорооноос танилцуулсан сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа намуудын төлөөлөгчид нэгджээ. Орой гэхэд Иракийн аюулгүй байдлын хүчнүүдийг хотуудын гудамжинд байрлуулсан бөгөөд хэд хэдэн газарт мөргөлдөөн болсон байна.
Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми мэдэгдэл хийж, сонгогдсон гишүүдэд хандан “Иракийн улс төрийн үйл ажиллагаанд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхийг” уриалжээ. “Улс төр зарим хүний хувьд хүмүүсийг хууран мэхлэх, шантаажлах хэрэгсэл болжээ. Улс төрийн болон хувийн зөрчилдөөнөө даван туулахын тулд эвлэлдэн нэгдэхийг бид намуудад уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. “Өнөөдөр бид шударга сонгууль явуулах амлалтаа биелүүлж байгаа бөгөөд иргэд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгосон” гэж Иракийн Ерөнхий сайд нэмж хэлжээ.
Энэ сарын 10-нд болсон парламентын ээлжит бус сонгуулийн дараа Иракийн Сонгуулийн хороо оройтож ирсэн зарим саналыг гараар дахин тоолж, мэдээллийг залруулж, шинэ тоо баримт зарлаж, сонгуулийн дүнг долоо хоногийн турш нэгтгэжээ. Ялангуяа сонгогчдын тоо, нийт ирцийн талаарх мэдээлэл байнга өөрчлөгдөж байгаа учир зарим хүмүүс сонгууль будлиантсан гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.
Эх сурвалж: КАИР. /Sky News Arabia/