Женевт Сирийн Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх уулзалт болно

Сирийн Үндсэн хуулийн хорооны /ҮХХ/ жижиг бүлэг есөн сар завсарлага авсны дараа Женевт даваа гарагт уулзана. Долоо хоног үргэлжлэх зургаа дахь удаагийн уулзалтад оролцогчид Үндсэн хуулийн зарчмуудыг хэлэлцэж, Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийг боловсруулж эхлэхээр төлөвлөжээ.

Хянан засах бүлэг гэж мөн нэрлэдэг ҮХХ-ны жижиг бүлэгт Сирийн Засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгмийн төлөөллөөс тус бүр 45 мэргэжилтэн багтжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Гейр Педерсен ҮХХ-ны жижиг бүлгийг хамтран даргалагч Ахмед Кузбари (Засгийн газраас), Хади аль-Бахр (сөрөг хүчнээс), мөн иргэний нийгмийн хорооны 15 гишүүнтэй ням гарагт Женев дэх НҮБ-ын төв байранд уулзсан байна. Уулзалт нухацтай илэнгүй далангүй болж, бүх оролцогчид өмнө нь хэлэлцэн тохиролцсон хамтын ажиллагааны зарчмуудад тууштай байгаа гэдгээ харуулсан гэж Гейр Педерсен хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүний хэлснээр, ҮХХ-ны жижиг бүлгийн энэ удаагийн уулзалтын үеэр Сирийн Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлнэ гэдэгтэй даргалагчид санал нэгджээ.

Үүнээс гадна Үндсэн хуулийн зарчмыг дөрвөн сэдвээр хэлэлцэнэ. Энэ талаарх саналыг өмнө нь төлөөлөгчид гаргажээ. Педерсен жижиг бүлгийн ажилд ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Нэгдүгээр сард болсон ҮХХ-ны жижиг бүлгийн тав дахь удаагийн уулзалт амжилтгүй болжээ. Нийтдээ тус хороонд Засгийн газар, сөрөг хүчин, иргэний нийгмийн төлөөллөөс тус бүр 50 төлөөлөгч багтдаг байна. Сирийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зөвлөмж боловсруулах энэ байгууллагыг байгуулах шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Сочи хотноо болсон Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгрессоос гаргажээ.

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.91.223)