БНАСАУ холын зайн тусгалт пуужингийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй байна
БНАСАУ холын зайн тусгалт баллистик пуужингийн туршилтаа ирэх онд үргэлжлүүлж магадгүй байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлаг тус улсын цэргийн хүчин чадалд дүн шинжилгээ хийсэн тайландаа бичжээ.
Үүнд дурдсанаар, БНАСАУ сүүлийн жилүүдэд тив алгасагч баллистик пуужин юм уу цөмийн төхөөрөмжүүд туршаагүй боловч хүчин чадлаа улам бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргасан байна.
“БНАСАУ-ын удирдагчид цөмийн зэвсэглэлийг “дэглэмээ оршин тогтнуулахад туйлын чухал” гэж үзэж байгаа бөгөөд цөмийн зэвсгээ баллистик пуужингаар өргөжүүлж, найдвартай ажиллагаатай болгох нь тус улсын эцсийн зорилго юм” гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамыг тагнуулын мэдээллээр хангадаг тус агентлаг мэдээлжээ.
Мөн БНАСАУ ирэх онд холын зайн тусгалт пуужин туршиж магадгүй байгаагаас гадна зэвсгийн хүчин чадлаа бататгахын тулд газар доогуур цөмийн туршилт хийх магадлалтай гэж уг тайланд бичсэн байна.
Пёньян цөмийн цэнэгт хошуу нь АНУ-ын эх газарт тусах хүчин чадалтай тив алгасагч баллистик пуужинг хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард туршсан юм.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /Kyodo/