Хаитид АНУ, Канадын номлогчдыг хулгайлжээ

Хаитид АНУ, Канадын номлогчид, хүүхдүүд тэргүүтэй 17 хүн хулгайлагдсан талаар “Christian Aid Ministries” байгууллага ням гарагт мэдээллээ.

АНУ-ын Охайо муж улсад төвтэй тус байгууллагын мэдээлснээр, таван эрэгтэй, долоон эмэгтэй, таван хүүхэд багтсан АНУ-ын 16, Канадын нэг иргэнийг хулгайлжээ.

Хэргийг мөрдөн шалган ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дотоодын бүлэглэлийн гишүүдийг буруутгаж байгаа талаар Хаитийн аюулаас хамгаалах хүчний эх сурвалж мэдээлжээ.

Хаитийн Гадаад хэргийн сайд Клод Жозеф “CNN” телевизэд мэдээлэл өгөхдөө, “Манай улсын эрх баригчид АНУ-ын Төрийн департаменттай харилцаа холбоотой ажиллаж байна” гэв.

Номлогчид Куа-де-Буке суурин дахь асрамжийн газарт очсоныхоо дараа нийслэл Порт-О-Пренс хотоос хойд зүгт орших Титаньен суурин руу зорчиж явахдаа хулгайлагджээ.

Хаити нь хүн хулгайлах гэмт хэргийн гаралтаар дэлхийд дээгүүрт жагсдаг орнуудын нэг юм. Ялангуяа энэ оны эхний гурван улиралд 600 гаруй ийм гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс /231/ эрс өсжээ.

Хаитийн Ерөнхийлөгч Жовенель Моиз долоодугаар сард гэмт этгээдүүдийн гарт амь насаа алдсанаас хойш улс төр, эдийн засгийн байдал улам хүндрээд буй бөгөөд хүн хулгайлах гэмт хэргийн тоо 300 орчим хувиар өссөн байна.  

Эх сурвалж: ПОРТ-О-ПРЕНС. /CNN/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.176.213)