Инстаграм улам л ашигтай болсоор
Инстаграм платформ өсвөр үеийнхэнд ээлтэй шинэ функцийг танилцуулах гэж буй талаараа мэдэгдэл хийлээ.
Фэйсбүүк компанийн нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Nick Glegg:
- “Фэйсбүүк компанид харьяалагддаг Инстаграм платформ тун удахгүй өсвөр насны хүүхдүүдийг өөрсдөд нь сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй контентоос холдуулах, цаашлаад уг платформоос завсарлага авахад нь туслах функцуудыг танилцуулах болно. Тухайлбал, өсвөр үеийн хэрэглэгчид маань Инстаграмд өөрсдийн сонирхдог төрлийн контентийг л ахин дахин үздэг. Гэвч энэ нь тэдэнд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй.
Бидний хөгжүүлж буй энэхүү функц тэдэнд арай өөр төрлийн агуулгатай контентыг санал болгох юм. Мөн хэрэглэгчдэд Инстаграм хаягаасаа түр хугацаанд завсарлага авах боломжийг олгох “Завсарлага авах” гэсэн цэсийг ч бас туршиж байгаа бөгөөд энэ нь тэдэнд Инстаграмд ашиглаж буй цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөж байгаа эсэхийг нь эргэцүүлэх боломж олгоно” хэмээсэн юм.
Сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк болон түүний харьяа платформууд олны шүүмжлэлд багагүй өртөж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Фэйсбүүк, Инстаграм, Whatsapp зэрэг нийгмийн сүлжээний үйлчилгээнүүд зургаан цаг гаруйн хугацаанд доголдсоноос гадна тус компанид ажилладаг байсан “шүгэл үлээгч” Инстаграм нь өсвөрийнхний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй тухай дотоод судалгааны материалуудыг дэлгэсэн юм.
Эх сурвалж: The Verge