ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал эхэллээ
БЭЭЖИН. /CGTN/. Хятадын Коммунист Намын (ХКН) 19 дэх удаагийн сонгуулийн Төв Хорооны (ТХ) зургадугаар бүгд хурал өнөөдөр тус улсын нийслэл Бээжин хотноо эхэллээ.
Бүгд хурлын нээлтийн үеэр ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоог төлөөлөн илтгэл тайлан тавьж, ХКН-ын 100 жилийн үйл ажиллагааны томоохон ололт амжилт болон түүхэн туршлагын тухай тогтоолын төслийн талаар тайлбарласан байна.
ХКН-ын бүгд хурал ямар ач холбогдолтой вэ?
Бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилтоо биелүүлээд буй ХКН-ын 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Өнөөдөр эхэлсэн ХКН-ын 19 дэх удаагийн ТХ-ны зургадугаар бүгд хурал нь энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.
100 жилийн хугацаанд явуулсан үйл ажиллагааны томоохон ололт амжилт болон хуримтлуулсан туршлагын талаар энэ удаагийн чуулганы үеэр голлон хэлэлцэх ажээ.
БНХАУ-ын дарга бөгөөд ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нь 2012 оны сүүлээр болсон тус намын XVIII их хурлын үеэр намын удирдлагын хамгийн дээд албан тушаалд очсон юм.
Түүнээс хойш тэрбээр эдийн засгийн хөгжил, үндэсний батлан хамгаалах салбарыг удирдан чиглүүлдэг олон тооны бүлгүүдийг тэргүүлж байна.
Бүгд хуралдааныг жилд нэгээс цөөнгүй удаа зохион байгуулж, тус улсын улс төрийн нөхцөл байдал болон эдийн засгийн хөгжлийг нухацтай авч хэлэлцдэг юм.
ХКН-ын 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Ши Жиньпин хэлэхдээ “ХКН өнгөрсөн 100 жилийн хугацаанд болон 70 гаруй жил төр засгийн эрхийг барих явцдаа ихээхэн хүчин чармайлт гаргаж, арвин туршлага хуримтлуулсан” гэж байв.
Мөн тэрбээр намынхаа дотоод шинэчлэлийн талаар ярихдаа “ХКН нь‘өөрөө өөртөө үр дүнтэй хяналт тавих, бүрэн бөгөөд чанд хатуу удирдах ёс’-ыг хэрэгжүүлэх нь маш чухал” гэсэн юм.
Түүнчлэн ХКН нь түүхийн янз бүрийн цаг үеийн эрсдэл болон сорилтод зохих хариу үйлдлийг үзүүлж, дэлхийн ландшафтад гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсан ч цаг үеийн тэргүүн эгнээнд байсаар ирсэн гэж тэрбээр хэлж байсан билээ.
Эх сурвалж: БЭЭЖИН. /CGTN/.