Дуучин Dua Lipa арьс арчилгааны нууц
Өнөө цагийн шилдэг поп дуучдын нэгт зүй ёсоор багтах дуучин Dua Lipa “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн гоо сайхан, арьс арчилгааны нууцаас хуваалцжээ.
Үүнээс онцолбол:
1. Тэрээр сойзыг гоо сайхандаа чамгүй олон төрлөөр ашигладаг нэгэн. Тухайлбал, шүдээ угаахдаа, уруулынхаа үхэжсэн арьсыг гуужуулахдаа, хөмсгөө илүү өтгөн, үслэг болгон янзлахдаа гэх мэт. Мэдээж бүх хэрэгцээ шаардлагадаа зориулан өөр өөр сойз хэрэглэдэг.
2. Dua Lipa хэзээ ч нүүрний будгаа арилгалгүйгээр унтдаггүй. Ингэхдээ эхлээд будаг арилгагч тосон цэвэрлэгчээр арьсныхаа өнгөн давхарга дээрх бохирдлыг цэвэрлэсний дараа илүү өтгөн тослог бүтэцтэй угаагч савангаар давхар цэвэрлэгээгээ хийдэг байна. Үүний дараа пробиотик агуулсан серум болон чийгшүүлэгч тосоор оройн арьс арчилгаагаа төгсгөдөг аж.
Та бүхэн анзаарсан бол тэрээр хөөсөн цэвэрлэгч, алкохол агуулсан бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Учир нь ачаалалтай үедээ түүний өдрийн ихэнх нь нэг хотоос нөгөө хот руу, нөгөө хотоос бас нэгэн хот руу ниссээр өнгөрдөг. Онгоцонд хэдхэн цаг байхад л арьс шууд хуурайшиж эхэлдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Тиймдээ ч түүний арьс арчилгааны онцлог бол чийгшүүлэлт.
3. Харин аялан тоглолтгүй үедээ тэрээр Лондон хотод байрлах “Pfeffer Sal” салоны microneedling буюу бичил зүүн эмчилгээнд орох дуртай. Энэ нь хэд хэдэн ариутгагдсан бичил зүүгээр арьсыг цочроох замаар коллагений үйлдвэрлэлтийг дэмжих эмчилгээ юм. Үүнийг хийлгэсний дараах хоёроос гурав хоногт арьс маш ихээр эмзэгшдэг ч арьсан дээрх бараан толбууд бүдгэрч, нярай хүүхдийнх шиг булбарай болох ид шидтэй.
4. Dua Lipa дууны клип, тоглолтын тайз, улаан хивсний ёслол дээр үргэлж гэрэлтсэн, гялалзсан будалттай байдаг ч үүнээс бусад үед аль болох нүүрээ будахгүй байж, арьсаа амраадаг. Харин найзуудтайгаа уулзах, гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барих зэрэг үед тэрээр 15 минутын энгийнээс энгийн будалт хийдэг байна.
Эх сурвалж: Insider