Б.Бямбадорж: Нийслэл хот шар бүсэд шилжихэд ойрхон байна
Б.Оргил
Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа өгүүлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдээллээ. Тэрээр:
-Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн орны ачаалал буурч, эргэлт сайжирсан тул хувийн эмнэлгүүдэд дэлгэсэн орыг буулгаж, хэвийн горимд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 28.1 хувь, зорилтот бүлгийн 39.1 хувь, 18-аас дээш насны хүн амын 44 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий гэлээ.
Дүүргүүдийн удирдлагууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын 88 хувь, сургуулийн багш, ажилчдын 68 хувь нь нэмэлт III тунд хамрагдаад байгаа бол Баянзүрх дүүрэгт зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна.
Чингэлтэй дүүрэгт өдөртөө 400-900 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэдийн 33 хувь нь, зорилтот бүлгийн 44 хувь нь нэмэлт тун хийлгэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 хувийн хамрагдалттай байна. Харин Баянгол дүүрэгт 52.1 хувьд хүржээ. Тус дүүргийнхэн “Хархорин”, “Барс” худалдааны төв зэрэг олны хөл ихтэй газруудад дархлаажуулалтын баг ажиллуулсан нь үр дүнд хүрсэн гэдгийг онцолсон.
Алслагдсан гурван дүүргийн тухайд нэмэлт дархлаажуулалт 50 хувьд хараахан хүрээгүй байна. Налайх дүүргийн иргэдийн 94 хувь нь бүрэн тунд хамрагдсан бол нэмэлт тунг хүн амын 46 хувь нь л хийлгэжээ.
Тус дүүргийн төрийн байгууллагын ажилтнуудын 95 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Багануур дүүрэгт бүрэн тун 96 хувь, нэмэлт тун 45.6 хувьтай байгаа бол Багахангай дүүргийн тухайд бүрэн тун 80 гаруй хувьтай, нэмэлт тун 40 гаруй хувьтай байгаа аж.
Иргэдийн дунд нэмэлт тунгийн үйлчилгээний талаар буруу ташаа ойлголт түгээмэл байгааг дүүргүүдийн Засаг дарга нар хэлж байлаа. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын зүгээс нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчилбэл дархлаажуулалтын хувь нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн ажил, амьдрал хэвийн горимд шилжихэд тун ойрхон байгааг онцлоод, дүүргүүд энэ долоо хоногтоо багтан нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэх хэрэгтэйг тодотгов.