Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх ОХУ, АНУ-ын хэлэлцээ эхэлж байна
Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх Орос-Америкийн зөвлөлдөх уулзалт Женевт эхэллээ.
НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн газарт хаалттай болж буй уулзалтад ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков тэргүүлж байгаа бол АНУ-ын талаас тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман нар оролцож байна.
Талууд өмнө нь урьдчилсан хэлэлцээ хийсэн байна. С.Рябковын хэлснээр, хэлэлцээ хүнд байсан боловч ажил хэрэгч уур амьсгалд болжээ.
Уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь 12 дугаар сарын дундуур ОХУ-аас АНУ болон түүний холбоотнуудад хүргүүлсэн гэрээний төсөл байх төлөвтэй байна. Тодруулбал, уг төсөлд дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг нутаг дэвсгэрт нь хүрэх бүсэд харилцан байрлуулахгүй байх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт НАТО-г цаашид өргөжүүлэхээс татгалзах, цэргийн сургуулилтын тоог цөөлөх зэрэг заалтуудыг багтаасан байна.
Зөвлөлдөх уулзалт эхлэхээс ч өмнө АНУ ОХУ-ын зарим саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Уг төсөл нь тулган шаардсан шинж чанаргүй, гэсэн хэдий ч ОХУ дангаар буулт хийхгүй бөгөөд тэр дундаа дарамт шахалтад оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Москва цохон тэмдэглэжээ. АНУ-тай хийх яриа хэлэлцээ ганц уулзалтаар хязгаарлагдаж магадгүйг Рябков үгүйсгээгүй байна.
Аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээ гурван үе шаттай үргэлжилнэ. Женевт болж буй уулзалтаас хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 12-нд Брюссельд Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал болох бол дараагийн өдөр нь Венад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай зөвлөлдөх уулзалт хийнэ.
Эх сурвалж: ЖЕНЕВ. /RIA Novosti/