Мөнгөө хэрхэн ЗӨВ ЗАРЦУУЛЖ сурах вэ?

 

Төсөв зохиох

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

  • Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзээрэй.  
  • Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.
  • Хэмнэлт хийхийн тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. 
  • Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь  өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.
  • Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.  

САНАМЖ!

Амьдралын нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, тиймээс нөхцөл байдалд тохируулан төсвөө тогтмол шинэчлэх хэрэгтэй.  

Ирээдүйд зориулан мөнгө хадгалах

Гэнэт өвдөх, ажлаас халагдах гэх мэт онцгой асуудал тулгарсан үед хэрэглэх зориулалттай хадгаламжтай байх хэрэгтэй. Наанадаж гурван сар зарцуулах хэмжээний мөнгийг хуримтлуулж, гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх нь зөв. Энэ хэмжээний мөнгийг нэг дор хадгалах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, харин ийм хэмжээний мөнгийг хадгална гэсэн зорилт тавих хэрэгтэй.

Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх мөнгөө хуримтлуулж гүйцсэнийхээ дараа, та дараах зүйлд зориулж мөнгө хадгалж болох юм. Үүнд:

  • ·         Хүүхдийн сургууль, боловсрол;
  • ·         Төрсөн өдрийн бэлэг;
  • ·         Гэр бүлийн амралт, аялал;
  • ·         Гэрийн тавилга болон бусад эд хогшил худалдаж авах гэх мэт.

Ингэхдээ орлого олох, цалингаа авах бүрдээ мөнгөө зарцуулахаасаа өмнө хуримтлуулж хэвших нь зүйтэй.

Дансны хуулгаа шалгах

Банкны үйлчилгээ авах бүртээ орлого, зарлагаа шалгаж мэддэг байгаарай. Үүний тулд та өөрөө орлого, зарлагаа давхар бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй. Таны тооцоотой дансны хуулгын дүн таарахгүй тохиолдолд та банкнаас лавлаж асуугаарай.

Хэрэгцээ ба хүсэл

Хүн амьдрахын тулд зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэрэгцээт бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:

  • ·         Эрүүл хүнс;
  • ·         Цэвэр ус;
  • ·         Хувцас;
  • ·         Байр, орон сууц;
  • ·         Тавилга;
  • ·         Эмнэлгийн тусламж, үйлчилгээ (хэрэв та өвдвөл);
  • ·         Цахилгаан, дулаан гэх мэт орно.

Мөн зайлшгүй шаардлагатай биш боловч хүмүүс худалдаж авахыг хүсдэг бусад нэр төрлийн бараа, үйлчилгээ бий. 

Үүнд:

  • ·         Загварлаг хувцас, гутал;
  • ·         Чихэр, шоколад;
  • ·         Рестораны хоол;
  • ·         Тоглоом;
  • ·         Үнэт эдлэл;
  • ·         Үзвэр, үйлчилгээ зэрэг хамаарна.

Хэрэгцээ, хүслийг нэг дор хангах боломжгүй тул хамгийн чухал, хэрэгцээт зүйлд  мөнгөө зарцуулах нь чухал.

Үүний тулд танд болон танай гэр бүлд юу чухал хэрэгтэй вэ, тэдгээрийг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа эсэхийг эхлээд тооцоолно. Хэрэгцээт зүйлсээ худалдан авсны дараа мөнгө үлдвэл хадгаламждаа хийх нь зөв.

Харин хангалттай хэмжээний хуримтлалтай болсон бол үлдсэн мөнгөө өөрийн авахыг хүссэн  зүйлд зарцуулж болно.  

Боломжит сонголтуудыг хооронд нь харьцуулах (өөрөөр хэлбэл, дэлгүүрүүдээр орж судалгаа хийх) нь чухал. Дэлгүүр болон бусад нийлүүлэгчдийн үнийг харьцуулж, хамгийн сайн чанартай, боломжийн үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааны хувьд худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж, харьцуулалт хийх нь зүйтэй. Ингэснээр та боломжит сонголтууд хоорондоо чанар болон үнийн хувьд ямар ялгаатай болохыг ойлгоно.

САНАМЖ!

Хүнс болон бусад гэр ахуйн хэрэгцээний зүйлсийг зарим тохиолдолд бөөнөөр худалдан авах нь ойр, ойрхон бага хэмжээгээр худалдан авахаас илүү хямд тусдаг. Гэхдээ, тухайн барааг хэзээ, ямар хэмжээгээр авбал илүү ашигтай вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, тараг, сүү зэрэг чанараа түргэн алддаг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авбал  муудахаас нь өмнө хэрэглэж амжаагүйгээс үрэлгэн зардал гаргахад хүргэнэ.

Эх сурвалж: Sankhuugiinbolovsrol.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.53)