ХҮНДРЭЛИЙН үеэр мөнгөө удирдах ШАЛГАРСАН аргууд

COVID-19 вирусээс үүдэн айл өрх, албан байгууллагаас эхлээд аж ахуйн нэгж, улс орон хүртэл төсөв санхүүгээ эргэн харж, мөнгөний хэмнэлтийг чадлынхаа хэрээр хийхээс өөр аргагүйд хүрээд байна. Дор бүрнээ санхүүгийн сахилга бат суулгах нь чухал болсон энэ үед мөнгөө ухаалгаар удирдах шалгарсан аргуудыг танилцуулж байна. 

ХҮН ОЛСНООРОО БУС ХЭМНЭСНЭЭР БАЯЖДАГ 

Мөнгөө ухаалгаар удирдахын тулд нэн түрүүнд олж буй бус үлдээж, хадгалж буй мөнгө хүнийг чинээлэг болгодог гэдгийг үргэлж санах нь зүйтэй. 

Иймд олсон орлогоо зөв зохистой зарцуулахад анхаарлаа хандуулсаар ажлын байрны цомхотгол, өвчин эмгэг зэрэг гэнэтийн үйл явдлын үед санхүүгийн дутагдлаас өөрийгөө хамгаалж чадна. 

Үүний тулд хоол унд, унаа, найз нөхөдтэй уулзах, гэртээ юм авах гээд олон төрөлд салбарладаг зарлагыг бүртгэх нь өөрийн хэрэглээний зан төлөвийг мэдэхэд тустай. 

ХЭРЭГЦЭЭ ЮҮ, ХҮСЭЛ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛ 

Мөнгөө удирдах удаах дүрэм нь зарцуулалт хийхээсээ өмнө таны худалдан авч буй зүйл бодит хэрэгцээ юү эсвэл таны хүсэл, шуналаас үүдэлтэй гэдгийг ялган, тодорхойлох нь чухал.  

Үүний дараа мөнгө зарцуулах эсэхээ шийдэх нь ухаалаг шийдвэр гаргах энгийн бөгөөд эхний алхам болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Цаашлаад худалдан авах чадвартаа тохирсон бараа, үйлчилгээг сонгож, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ ч мартаж болохгүй. 

Эс бөгөөс хэрэгцээнээс давсан, хэтийдсэн тансаглал энэ хүнд үед танд эрсдэлээс өөрийг дагуулахгүй.

ХУУЧИН ЭД ЗҮЙЛЭЭ ГАМНА, ЭСВЭЛ ЗАСАЖ ӨӨРЧИЛ 

Шинэ бараа бүтээгдэхүүн худалдан авахын өмнө хуучин эд зүйлээ тордож, гамнах нь хэмнэлт хийх, хүндрэлийг хялбар давах үр дүнтэй арга аж. 

Тухайлбал, хүн нэг хувцсыг удаан өмсөхөөс уйдна шүү дээ. Тиймээс хуучин хувцасныхаа загварыг өөрчлөн өмсөж сур.

Өмдийг цамц болгочихдог, цамцан дээрээ жижигхэн чимэглэл нэмээд огт өөр харагдуулах зэргээр загвар, зориулалтыг нь өөрчлөх маш олон арга бий. Фэйсбүүкээс тийм арга олж, суралцаарай. 

ӨНДӨР ЗАРДАЛТАЙ БАЯРААС ТАТГАЛЗ, ХОРТ ЗУРШЛАА ОРХИ 

Шил шилээ дарсан, өндөр зардалтай баярууд иргэдийн хэтэвчийг багагүй хэмлэдэг. 

Тэгвэл энэ төрлийн зардлаас татгалзаж, аль болох хөнгөн тэмдэглэх нь өрхийн төсөвт дарамт учруулахгүй байх боломжтой. 

Үүнээс гадна энэ үеийг ашиглан нэмэлт зарлага болдог архи, тамхи зэрэг хортой бас хохиролтой зуршлаасаа татгалзаж болно. 

Түүнчлэн мөнгө зарцуулдаг зарим ажил, үйлчилгээнээс татгалзаж, угаалга цэвэрлэгээ зэргийг өөрөө хийхээр бодоорой. 

Өрхийн зардлаа өсгөхгүй, зохистой хэмжээнд хадгалахын тулд дараах харьцааг санаж байгаарай. Тухайлбал, өрхийн үндсэн хэрэглээ болох хоол хүнс, унаа тээврийн зардлыг орлогынхоо 30 хувиас хэтрүүлэхгүй байх нь өрхийн зардлыг зохистой түвшинд хадгалахад тустай. 

ӨРХИЙН ЗАРДЛЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА 

Зардлын ангилал Зохистой хэмжээ  Зохистой хэмжээнээс 5-10% хэтрэх үед
Үндсэн хэрэглээ (хоол хүнс, ахуйн хэрэглээ, унаа) 30 хувь  Өрхийн хэрэглээ 30%-иас хэтэрвэл зардлуудаа хянаж, багасга
Тогтмол төлбөр  25 хувь  Тогтмол төлбөр нь таны орлогын 25%-иас хэтрэхгүй байх нь тохиромжтой
Боловсрол  10 хувь  Боловсролдоо зориулах мөнгөө эртнээс төлөвлөөрэй. 
Хүүхдийн зардал  10 хувь  Өнөөдрийн чихэр жимснээс илүү хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгээрэй. 
Чөлөөт цаг  10 хувь  Гадуур хооллохоо багасгаж, зарим цэнгээнийн алгасаж сураарай  
Эрүүл мэнд, гоо сайхан  10 хувь  Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаарай 
Төлөвлөөгүй зардал  5 хувь  Гэнэтийн хэрэгцээндээ зориулан хуримтлал үүсгээрэй 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.196)