Коби болон Жианна Брайант нарын гэгээн дурсгалд зориулж ХӨШӨӨ босгожээ
Америкийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэгт зүй ёсоор тооцогддог байсан Коби Брайант болон түүний охин Жианна нар одоогоос хоёр жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор нас барсан билээ. Тэгвэл тэдний гэгээн дурсгалд зориулж хөшөө босгосон байна.
Аав охин хоёрыг сагсан бөмбөгийн өмсгөлтэйгөөр дүрсэлсэн энэхүү дурсгалын хөшөөг осол болсон Калифорни мужийн Калабасас хотоос 48 км зайд орших уулын бэлд босгожээ. Уг хөшөөг бүтээсэн уран барималч Дэн Медина “Энд ирэхэд сэтгэл өөрийн эрхгүй өвддөг. Кобигийн фэнүүд энд цэцгийн баглаа, сагсан бөмбөгийн өмсгөл, малгай зэргээ үлдээдэг. Гэхдээ үүрд мөнх орших зүйл хэрэгтэй байсан учраас энэ хөшөөг босгосон юм” гэжээ.
Уг хөшөөнд мөн Коби Брайантын “Баатрууд ирээд буцдаг ч домгууд мөнхөд оршдог” гэсэн утга бүхий “Heroes come and go but legends are forever” гэх эшлэлийг сийлсэн байх аж.
Дэн Медина одоогоор хөшөөг албан ёсоор байршуулах зөвшөөрлийг албаны хүмүүсээс авах тал дээр ажиллаж байгаа бөгөөд илүү том хэмжээтэй хувилбарыг нь Лос Анжелес хотод босгох төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
Эх сурвалж: LA Times